“Удирдлагын онолын бодлогуудын ерөнхийлсөн тавилт ба шийдэл”

Удирдлагын онолын бодлогуудын ерөнхийлсөн тавилт ба шийдэл

Generalized Statement and Solutions of Control Problem-2010” (GSSCP-2010) сэдэвт

Олон улсын Y Cимпозиум, 2010 оны 9 сарын 13-17, Улаанбаатар хот

“Удирдлагын онолын бодлогуудын ерөнхийлсөн тавилт ба шийдэл” – “Generalized Statement and Solutions of Control Problem” (GSSCP-2010) сэдэвт Олон улсын Y симпозиум Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр 2010 оны 9 сарын 13-17-ны өдрүүдэд зохион явагдаж байна. Тус хуралд гадаадаас ОХУ-ын нэр бүхий тэргүүлэх эрдэмтэд, академичид, Оросын шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, удирдах албаны болон эрдэмтэн, судлаачид зэрэг 40-өөд хүн оролцож байна. Манай талаас ШУТИС, МУИС, МУБИС, СЭЗДС, Математикийн хүрээлэн зэрэг байгууллагаас 50 гаруй эрдэмтэн, профессор багш нар, судлаачид оролцож байна.

Энэхүү Олон улсын V симпозиумыг ШУТИС, ОХУ-ын Буриадын Их Сургууль, МУИС, Монгол улсын ШУТС, Оросын ШУА-ын хоёр салбар хүрээлэн хамтран зохион байгуулсан бөгөөд зохион байгуулах хорооны даргаар ШУТИС-ийн КТМС-ийн захирал,  доктор(Ph.D), профессор Б.Очирбат ажиллаж байна.

Симпозиумын нээлт 2010 оны 09 сарын 13-нд ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд болсон бөгөөд ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор Т.Батбаяр нээж үг хэллээ. Мөн хурлын нээлтэд УИХ-ийн гишүүн, академич Р.Гончигдорж, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, ШУТ-ийн Сангийн захирал Т.Ган-Эрдэнэ, МУИС-ийн МКС-ийн захирал Л.Алтангэрэл, ОХУ-ын ШУА-ийн Системийн программын хүрээлэнгийн захирал академич В.И. Гурман, Удирдлагын асуудлуудыг судлах хүрээлэнгийн захирал, академич С.Н. Васильев, Системийн анализын хүрээлэнгийн захирал, ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Ю.С.Попков, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Тооцоолон бодох математик, математикийн геофизикийн хүрээлэнгийн профессор В.К. Попков, ОХУ-ын Буриадын их сургуулийн проректор А.С. Булдаев  нар оролцож, хуралд оролцогчдод хандаж баяр хүргэн, хуралдааны үйл ажиллагаанд амжилт хүсэж үг хэллээ.

  Хуралд удирдлагын онолын ерөнхийлсөн бодлогууд ба шийдлүүд, оновчлол ба тогтворын бодлогууд, тоон аргууд ба тэдгээрийн хэрэглээ, эдийн засаг, экологи, техник дэх математик загварчлалын хэрэглээ, математик боловсролын тулгамдсан асуудлууд зэрэг үндсэн чиглэлүүдээр нийт 60 гаруй илтгэл хэлэлцэгдэж байна.

Энэхүү хурлын гол ач холбогдол, онцлог нь Монгол улс, ОХУ-ын эрдэмтдийн суурь судалгааны чиглэл дэх хамтын ажиллагааг дэмжих, тухайлбал математикийн шинжлэх ухаан,  математикийн хэрэглээ, математик загварчлалын чиглэлд хамтарсан эрдэм шинжилгээний ажил эрхлэх, хөгжүүлэх, цаашид Монгол улсын Шинжлэх ухаан Технологийн сан, ОХУ-ын Суурь судалгааны фондын дэмжлэгтэйгээр Олон улсын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж гүйцэтгэх урьдчилсан таатай нөхцлийг бүрдүүлж өгч байна.

Симпозиумд манай орны их дээд сургуулийн залуу багш нар, аспирант, докторантууд өргөнөөр оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлж байгаа нь тэдгээрийн мэргэжлийн ур чадвар, судалгааны ажлын төвшинг дээшлүүлэх, улмаар эрдмийн зэргээ амжилттай хамгаалахад чухал түлхэц байгаа юм.

Энэхүү олон улсын симпозиумын өмнөх 4 нь ОХУ-д зохион байгуулагдсан бол 5 дахь симпозиумыг Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаа нь тус улсын математикийн шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдол бүхий үйл явдал болж байна.

Хурлын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.