ШУТИС-ИЙН МУЗЕЙ

ШУТИС-ийн хөгжлийн 60 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд их сургуулийн музейг шинэчлэн байгуулж, байнгын үйл ажиллагаатай болгох санаачлагыг ШУТИС-ийн Ректор Б.Очирбат дэвшүүлж улмаар их сургуулийн Эрдмийн болон Ректорын  зөвлөлөөр хэлэлцэн дэмжиж, ШУТИС-ийн Ректорын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/43 тоот тушаалаар “ШУТИС-ийг олон нийтэд танилцуулах, сурталчлах, Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухаан, нийгэм соёлын хөгжилд ШУТИС-ийн оруулсан хувь нэмэр, дэвшилтэт техник технологийг гадаад, дотоодын зочид, багш, ажилтан, ажилчид, оюутан суралцагчид, олон нийтэд үзүүлж таниулах”  зорилгоор ШУТИС-ийн Музейг шинэчлэн байгуулах шийдвэр гаргаж улмаар ШУТИС-ийн 60 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус музейн нээлтийн ёслолын ажиллагаа болж албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн болно.

 

ШУТИС нь хөгжлийн түүхэн хугацаандаа тэмдэглэлт ойн баяр, томоохон арга хэмжээний үед сургуулийнхаа хөгжлийн түүхийг гэрэл зургаар харуулж нийтэд сурталчилж байсан бөгөөд харин 2009 онд ШУТИС байгуулагдсаны 50 жилийн ойгоор ШУТИС-ийн Түүхийн музейг, 2001 онд Шинжлэх ухааны танин мэдэхүйн төвийг  тус тус нээн ажиллуулж байжээ.

ШУТИС-ийн нэгэн жарны хөгжлийг харуулсан 823 м2 талбай бүхий 1000 орчим үзмэртэй Музейг шинээр баригдаж ашиглалтад орсон хичээлийн VIII байрны 11 дүгээр давхарт байгуулсан бөгөөд тус  музей нь байнгын үзмэрийн дөрвөн танхимтай. Үүнд:

1.         ШУТИС-ийн түүхэн замнал

2.         “Монголын эртний нүүдэлчдийн өв”  археологийн олдвор

3.         Шинжлэх ухаан, технологи ба инноваци

4.         Шинжлэх ухааны танин мэдэхүй

Музейн хүндэтгэлийн хэсэгт Монгол Улсын төрийн сүлд, далбаа, ШУТИС-ийн тугийг, мөн Политехникийн Дээд Сургууль, Техникийн Их Сургуулийн болон Дэлхийн өмнөд туйл (Антарктик тив)-д мандуулсан ШУТИС-ийн тугуудыг   байрлуулсан болно.

 

Зураг.1  ШУТИС-ийн  түүхэн  замналын танхим

Зураг.2  “Монголын эртний нүүдэлчдийн өв”  археологийн танхим

 

Зураг.3   Шинжлэх ухаан, технологи, инновацийн танхим

  Зураг.4  Шинжлэх ухааны танин мэдэхүйн танхим

ШУТИС-ын хамтын ажиллагаатай гадаад , дотоодын их, дээд сургууль, байгууллагуудаас дурсгасан бэлэг дурсгал, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрөөр ПДС-ийн сургалтад нийлүүлсэн анхны багаж, тоног төхөөрөмж ( Юнеско-ийн МОН 1 төсөл)

 

Музейд ШУТИС-ийн хөгжлийн түүхэн замнал, бүрэлдэхүүн, харьяа сургууль, мэргэжлийн тэнхим, салбар, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хөгжлийн түүхийг агуулсан 100 гаруй ном товхимолоос бүрдсэн номын сан байгуулан ажиллаж байна.

 

Холбоо барих:

Хаяг: ШУТИС, VIII байр,  XI давхар

Бага тойруу, Сүхбаатар дүүрэг

Улаанбаатар, Монгол Улс, 14191

Утас: +(976)  95954905

E-мэйл:  museum@must.edu.mn

Вэб сайт: www.must.edu.mn