Н.Эрдэнэхүү: ”1000 инженер” төслийн хүрээнд суралцсан төгсөгчид бүгдээрээ эх орондоо ажиллаж байна

ШУТИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, доктор, профессор Н.Эрдэнэхүү “Өдрийн сонин”-ны 2025 оны 10 дугаар сарын 1-ний дугаарт өгсөн ярилцлагыг хүргэж байна.


Монгол Японы Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй 1000 инженер(MJEED) буюу “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 2014 оноос хойш манай улсад хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд хэрэгжсэн “Twinning program буюу ижилсүүлэх хөтөлбөр” дэд төслийн үр дүнг хэлэлцэх симпозиум аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ШУТИС-д зохион байгуулагдах юм байна. “Монгол Японы инженерийн боловсролын хамтын ажиллагаа-бакалаврын хамтарсан хөтөлбөр болон Коосэн сургалтын туршлагаас” сэдэвт уг симпозиумд Боловсролын яам, Жайка байгууллага, төслийн нэгж, Японы 10 их сургуулийн консорциумын төлөөлөгчид болон Монголын их, дээд сургуулиуд, Коосэн коллежууд оролцох аж. Энэ талаар ШУТИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, доктор, профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.

-Та эхлээд 1000 инженер төслийн зорилго, хэрэгжилтийн талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Хүмүүсийн ярьж заншсан 1000 инженер буюу “Инженер технологийн дээд боловсрол” төсөл маань анх  Монгол Улсын Засгийн газар, ЖАЙКА-ийн хооронд 2014 оны гуравдугаар сарын 12-ны өдөр MON-P11 тоот 7,5 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн үр дүнд хэрэгжиж эхэлсэн. Уг нь 1000 инженер буюу MJEED төсөл арван жилийн хугацаатай хэрэгжээд 2024 онд дуусах төлөвлөгөөтэй байсан юм. Гэхдээ төслийн зарцуулалт, менежмент зөв, үр дүнтэй хэрэгжиж ирсэн учраас 2026 оны гуравдугаар сар хүртэл сунгасан. Энэ хүрээнд төлөвлөсөн нэмэлт ажлуудаа амжилттай гүйцэтгээд өнөөдрийг хүрлээ.  Төслийн үндсэн зорилго гэвэл, Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт чадварлаг хүний нөөц бэлтгэх зорилгоор Япон улсад зэргийн сургалтад багш, суралцагчдыг хамруулах, бакалаврын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, Коосэн боловсролыг нутагшуулж түгээн дэлгэрүүлэх, багшийн судалгааны хөгжилд дэмжлэг үзүүлж сургалт, судалгааны тоног төхөөрөмж нийлүүлэхэд чиглэсэн. “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 2025 оны байдлаар бодлогын баримт бичигт тусгасан зорилт арга хэмжээний 95 хувийг амжилттай хэрэгжүүлээд байна.

-Тэгвэл дэд төсөл болох “Twinning program буюу ижилсүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ямар ажлууд хийсэн бэ?

-Энэ нь MJEED төслийн нэг гол дэд төсөл бөгөөд 2014-2026 онд амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал, ШУТИС нь Япон улсын 10 их сургуулийн консорциумтай хамтран Архитектур, Барилга хүрээлэн буй орчин болон Механик инженерийн бакалаврын 2.5+2 жилийн хамтарсан сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.

Энэ хөтөлбөрөөр 2015-2025 онд нийт 284 орчим оюутан амжилттай суралцаж төгссөн байна. Хамгийн сүүлийн 12 төгсөгч өнгөрсөн гуравдугаар сард эх орондоо ирсэн байгаа. Эдгээр төгсөгчид гэрээнд заасанчлан эх орондоо мэргэжлийнхээ дагуу таван жил ажиллах ёстой. Одоогоор нийт төгсөгчдийн 99.2% хувь нь ажлын байраар хангагдаад байна. Мөн дэд төслийн хүрээнд хөтөлбөр хөгжүүлэлт, зэргийн бус сургалтуудыг зохион байгуулсан. Япон улсын 10 их сургуулийн профессор багш нартай хамтран бакалаврын гурван хөтөлбөрийн агуулгыг Япон улсын их сургуулиудын ижил түвшний хөтөлбөртэй агуулгын (88-95) хувьд дүйцүүлж шинэчлэн боловсруулсан байна. Төслийн хугацаанд Япон улсын 10 их сургуульд нийт 82 багш богино хугацааны зэргийн бус сургалтад хамрагдсан. Тэд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, зааж буй хичээлийнхээ чиглэлээр Япон улсын профессор багш нараас туршлага судалж өөрийн сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн байна. Мөн Японы их сургууль талаас нийт 55 профессор багш хөтөлбөрийн боловсруулалтад зөвлөгөө өгөх, хичээл заах, уулзалт хэлэлцүүлэг хийх зэргээр ШУТИС-д ажиллалаа. Мөн энэ дэд төслийн хүрээнд сургалтын орчинд нэлээд их хөрөнгө оруулалт хийсэн. Өөрөөр хэлбэл, сургалт, судалгааны чиглэлд ашиглах тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн.

-MJEED дэд төслийн хүрээнд санхүүжүүлсэн тэрхүү тоног төхөөрөмжүүдийг ШУТИС-ийн бүх оюутан залуус ашиглах боломжтой гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Төслийн үндсэн хугацаанд 107 төрлийн 1444 ширхэг нийт үнийн дүн нь 4,064,101 ам.долларын өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмж техник хэрэгслээр 4 бүрэлдэхүүн сургуулийн 15 лаборатори, анги танхимыг тоноглож эдгээрийг жилд дунжаар ШУТИС-ийн 96 хөтөлбөрийн 8000 гаруй оюутны сургалтад хэрэглэж байна.

Мөн Инженер, технологийн хөтөлбөрийн чиглэлээр нийт 1924 ном, сурах бичиг, гарын авлага, 7 видео хичээл  худалдан авснаас гадна 60 цагийн цахим агуулга, 1 хичээлийн иж бүрэн MOOC монгол хэл дээр бэлтгэж www.edx.edu.mn платформ дээр байршуулж сургалтад ашиглаж байна.

Төслийн сунгалтын хугацаанд /2024-2026 онд/ дараах тоног төхөөрөмжийг хүлээн авч 2025 оны 01 сараас сургалтын үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байна. Үүнд Үүнд:

  • Нийт 214,415.00 ам.долларын өртөг бүхий тус бүр 19 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй ухаалаг ангийг ШУТИС-ийн 10 бүрэлдэхүүн сургуулийн 11 хичээлийн танхимд байгуулан хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
  • Бодит амьдралын нөхцөлд тулгамдаж буй инженерчлэлийн жишээ, асуудал, кейсүүдээр баяжуулсан онлайн курс хичээлүүд, цахим сургалтын контентууд бэлтгэх зорилгоор ШУТИС-ийн Нээлттэй боловсролын хүрээлэнд нийт 76,695.00 ам.долларын өртөг бүхий 67 нэр төрлийн компьютер, техник хэрэгсэл, камер, тоног, төхөөрөмж, багажуудыг захиалан авч хэрэглээнд оруулаад байна.
  • ШУТТНС-д 104,384.00 ам.долларын өртөг бүхий 25 нэр төрлийн таблет, сканер, принтер, CD/DVD хадгалах зориулалтын шүүгээ гэх мэт тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон цахим сургалт, судалгааны танхим байгуулан суралцагчид цахим сургалтын контентууд, онлайн мэдээллийн сан, судалгааны бүтээлүүдийг үзэж судлахаас гадна мэргэжлийн программуудыг ашиглах зэргээр үйлчилгээ үзүүлж байна.
  • Математик, байгалийн ухааны лабораторийн чиглэлээр 439,000.00 ам долларын үнэ бүхий 69 нэр төрлийн 349 багаж төхөөрөмжийг Математик, Хими, Физикийн лабораторийн зорилгоор ХШУС болон бусад салбар, харьяа сургуулиудад ашиглаж байна.

-Ингэхэд төсөл хэрэгжсэнээр сургалт, судалгааны тал дээр ямар ахиц гарсан гэж та үзэж байна вэ?

-Зөвхөн ШУТИС гэлтгүй МУИС, ХААИС гэх мэтчилэн бусад их сургуульд төслийн сунгалтын хугацаанд тодорхой хөрөнгө оруулалт хийгдсэн. Коосэн загварын сургуулиуд Монголд 2014 оноос байгуулагдсан. Энэ сургуулиудыг Монголд нутагшуулж, үйл ажиллагааг нь өнөөдрийг хүртэл тогтвортой авч явахад ч энэ төсөл нөлөөлсөн. Төслийн эхний шатанд бакалавр, коосэнгийн хөтөлбөрөөр төгсөгч бэлтгэсэн бол төслийн сунгалтын шатанд Коосэн сургалтын 80 ном сурах бичиг орчуулах, зэргийн сургалтад багш нарыг хамруулах ажил хийгдэж байна.

-Төслийн хэрэгжилтийг талууд хэрхэн үнэлж, дүгнэж байгаа вэ?

-ШУТИС болон төсөл хэрэгжүүлэгч нэгж, Японы их, дэд сургуулиуд төслийн үр дүн хангалттай түвшинд гарсан гэж үзэж байгаа. Бусад ийм хэлбэрийн төслүүдтэй харьцуулбал хамгийн чанартай хэрэгжиж байгаа төсөл гэж дүгнэсэн. Мэдээж хоёр улсын хооронд гэрээ байгуулаад хэрэгжиж буй олон төсөл бий. Харин 1000 инженер төслийн онцлог гэвэл ЖАЙКА байгууллага ерөнхийд нь удирдаж, менежментийг нь авч явж байгаа гэдэг утгаараа нэлээд ач холбогдол өгч, хариуцлагатай хандаж, төслийн даалгаврын дагуу зохион байгуулах тал дээр маш сайн анхаарсан гэж хэлж болно.

-1000 инженер төслийг цаашид үргэлжлүүлэх тал дээр Японы тал ямар байр суурьтай байгаа бол. Энэ тухай симпозиумын хүрээнд хэлэлцэх үү?

-MJEED бол манай улсын хувьд байгаа оносон төсөл. Үнэхээр Монголд инженер технологийн мэргэжилтнүүд хэрэгцээтэй байна. Энэ орон зайг нь олж төсөл анхнаасаа зөв төлөвлөгдсөн учраас зөв менежментээр, зөв цэг рүү чиглэж өнөөдрийн үр дүн гарч чадсан. Боловсролын яам, Сангийн яам гэх мэд холбогдох талууд MJEED-2 төслийг хэрэгжүүлэх асуудлыг Японы талтай өнгөрсөн жилээс ярилцаж төслийн урьдчилсан судалгааг ЖАЙКА байгууллага хийж байна. Мэдээж хоёр улсын Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэх эсэх дээр шийдвэр гаргах байх. MJEED-2 төслийг аль чиглэлд илүү ач холбогдол өгч хэрэгжүүлэх вэ гэдэг нь судалгааны үндсэн дээр гарах учиртай. ШУТИС-ийн хувьд урьдчилсан байдлаар ахисан түвшний сургалтын хөтөлбөрүүдийг хамтарч хэрэгжүүлэх нь үр ашигтай гэж харж байгаа. Мөн 2 улсын их сургуулиудын судалгааны хамтарсан багуудын үйл ажиллагааг дэмжинэ. Үүнээс гадна хөгжлийн гол чиг хандлага болж байгаа мэдээлэл холбооны технологи, тэр дундаа хиймэл оюун ухаан, машин сургалт, их өгөгдөл, эрчим хүч гэх мэт манай улсад эрэлттэй салбаруудын бакалаврын сургалтыг сайжруулах чиглэлийг төсөлд багтаах нь үр ашигтай гэж үзэж байгаа. Мэдээж нарийвчилсан судалгаа хийгээд даалгаврыг цаашид тодруулж гаргаж ирэх болов уу гэж бодож байна.

П.Жаргал