ХШУС-ийн ХИС-ын “Аналитик хими”-ийн лабораторийн нээлтийн үйл ажиллагаа болов

ШУТИС-ийн түүхт 60 жил, Химийн тэнхим байгуулагдсаны 40 жилийн ойг угтаж тус салбарын профессор багш, ажилтнууд, төгсөгчид ба оюутнуудын дунд “БИДНИЙ ЛАБОРАТОРИ” хандивын арга хэмжээг зохион байгуулж төрөлх сургуулийн хичээлийн 1-р байрны 123 тоот  “Аналитик хими”-ийн  лабораторийн өрөөг тохижуулан нээлтийн үйл ажиллагааг 2019 оны 11-р сарын 01-нд зохион байгууллаа.  

Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор  Т.Намнан, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга доктор, дэд профессор Д.Гэрэлт-Од, ХШУС-ийн захирал доктор, дэд профессор Д.Ганхуяг, ХШУС-ийн дэд захирал доктор, дэд профессор А.Сарнай, ХШУС-ийн ЭНБ-ийн дарга доктор, дэд профессор В.Өлзийбаяр нар уригдан ирж мэндчилгээ дэвшүүлснээс гадна салбарын нийт  хамт олон, ахмад багш нар оролцлоо. Лабораторийг ХИС-ын профессор багш ажилтнууд, 1997-2019 оны төгсөгчид, одоо суралцаж буй оюутнуудын  10 гаруй сая төгрөгийн хандиваар шинэчлэн тохижуулав. Нээлтэд тус салбарт суралцаж байсан 1997, 2003, 2007 оны болон сүүлийн үед төгссөн төгсөгчид болон одоо суралцаж буй 2, 3-р ангийн оюутнууд хүрэлцэн ирсэн.

 

Энэхүү нээлтийн үеэр Химийн инженерчлэлийн салбарын эрхлэгч доктор, дэд профессор Д.Хандмаа нийт хандивлагч нарт зориулан талархал илэрхийлэв.

Эрхэм хүндэт ШУТИС-ийн удирдлагууд, профессор багш ажилтнууд, үе үеийн төгсөгчид болон одоо суралцаж буй оюутнууд та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье. 

Өнгөрсөн сард бид ШУТИС-ийн нэгэн жарны ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэж 60 жилийн ойгоо тэмдэглэж, өнөөдөр дараагийн шинэ жарны хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлох  нэгэн үеийн түүхийн гэрч болцгоож буй билээ. Манай химийн инженерчлэлийн салбар нь өнгөрсөн он жилүүдэд 10 хүрэхгүй багш ажилтны бүрэлдэхүүнтэй химийн тэнхим хэмээн байгуулагдаж түүхийн анхны хуудсыг бичилцэж байсан бол өдгөө 30 гаруй  профессор багш ажилтнуудтай өнөр өтгөн, эвсэг хамт олон болж 1997-оос 2019 оны хооронд химийн технологи, инженерчлэлийн чиглэлийн   800 гаруй бакалаврын, 200 гаруй магистрын, 20 гаруй докторын зэрэгтэй мэргэжилтнийг улс орондоо бэлтгэж өгсөн томоохон салбар нэгж болж өргөжин тэлж чадлаа.

Өнөөдрийн байдлаар манай салбарт ажиллаж буй профессор багш нарын 80%, сургалтын мастеруудын   20% нь докторын зэрэг эзэмшсэн эрдэмтэд байгаа бөгөөд Япон, Америк, Солонгос, Хятад зэрэг улсад докторын зэргээ амжилттай хамгаалсан  шажигнасан залуу боловсон хүчин бүрдсэн судалгаа шинжилгээний ажил хийж эх орондоо ихийг бүтээх ирмүүн хүслээр жигүүрлэсэн хамт олон боллоо. Манай судлаач эрдэмтэн багш нар, оюутнуудын судалгааны ажлын үр дүнг илтгэх нэгэн хэсэг нь орчин үеийн судалгааны багаж тоног төхөөрөмж бүхий тохилог лаборатори бөгөөд сургуулийн захиргаа, салбарын зүгээс жил бүр лабораторийн орчин, материаллаг баазыг сайжруулж багш оюутнуудын сургалт судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэхийг хичээж ирсэн.   

Манай салбарын  “Аналитик хими”-ийн хичээлийн лабораторийн өрөөг 1989 оноос хойш бакалаврын сургалтад ашиглаж ирсэн бөгөөд энэ лабораториор жилдээ 600-800 оюутнууд үйлчлүүлж байдаг. Бид ШУТИС-ийн 60 жилийн ой, удахгүй болох салбарынхаа 40 жилийн ойг тохиолдуулан сургуулийнхаа материаллаг баазыг сайжруулах ажлын хүрээнд  өнгөрсөн 6 сарын 1-ээс 10-р сарын 1-ний хооронд “Бидний лаборатори” хандивын аян өрнүүлж манай салбарын бүх профессор багш нар, ажилтнууд, ахмад багш нар,  мөн  1997 оноос 2019 оны хооронд төгссөн  200 гаруй төгсөгчид, одоо манай салбарт суралцаж буй оюутнууд  100 гаруй оюутны мөнгөн хандив, бие сэтгэлийн хүчээр энэхүү өрөөг тохижуулж дуусган  өнөөдөр нээлтээ хийж буйд таатай байна.  

Бидний энэ сэтгэлийн ариун бэлгийг шинэ жарны оюутнууд хүртэж тохилог орчинд химийн шинжлэх ухаанд шимтэн суралцаж, юмс үзэгдлийн хувирлын мөн чанартай гүнзгий танилцаж, өөрсдийн гараар   туршилт судалгааг хийж үзэхдээ баяртай байх болно гэдэгт найдаж байна.

 

Энэхүү лабораторийг шинэчлэн тохижуулахад мөнгөн хандиваа өргөсөн нийт профессор багш, ажилтнууд, үе үеийн төгсөгчид, одоо суралцаж буй оюутнууддаа болон засвар тохижуулалтын ажлыг биеэр хийж гүйцэтгэхэд манлайлан оролцсон залуу багш ажилтнууддаа  онцгойлон баярлаж буйгаа илэрхийлэн та бүхний цаашдын ажилд улам их амжилт, амьдралд тань аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхний  сайн үйлс улам бүр дэлгэрэх болтугай.

Химийн инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Д.Хандмаа