Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна

Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 арга хэмжээ өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Тус арга хэмжээг Боловсролын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), “Инженер, технологийн дээд боловсрол” буюу M-JEED төсөл, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хөдөө аж ахуйн сургууль хамтран зохион байгуулж байна.

Арга хэмжээний зорилго нь Монгол, Японы их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэл, технологи, инновац, бизнесийн бодит хэрэглээтэй холбох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Арга хэмжээний нээлтийн үеэр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар мэндчилгээ дэвшүүлж, Монгол, Японы хамтын ажиллагаа боловсрол, хүний нөөцийн хөгжлөөс гадна судалгаа, технологи, инновац, бизнесийн түншлэл рүү өргөжин хөгжиж буйг онцоллоо.

 

  

Мөн арга хэмжээнд Япон Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Цүнакакэ Дабидэ, Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Н.Пүрэвцогт, JICA-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияни Кэнсүкэ, ШУТИС-ийн Ректор Т.Намнан, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, ХААИС-ийн Ректор Б.Баасансүх болон Монгол, Японы их, дээд сургууль, судалгааны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр “Инженер, технологийн дээд боловсрол” буюу “1000 инженер” төслийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, тус төслийн хүрээнд бий болсон судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн салбартай холбох дараагийн үеийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

 

Төслийн зөвлөх Б.Мөнхтулга “1000 инженер” төслийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар танилцуулсан бол ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар ШУТИС-д хэрэгжсэн төслийн хэрэгжилт, үр дүн, сургалт, судалгааны орчинд бий болсон өөрчлөлтийн талаар танилцууллаа.

 

“1000 инженер” төслийн хүрээнд ШУТИС-ийн инженерийн сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх, багш, судлаачдыг чадавхжуулах, сургалт-судалгааны лабораторийн орчныг сайжруулах, Монгол, Японы хамтарсан судалгааг хөгжүүлэх чиглэлээр томоохон ажлууд хэрэгжсэн. Тухайлбал, төслийн хүрээнд ШУТИС-ийн 44 лабораторид нийт 12,3 сая ам долларын өртөг бүхий 392 нэр төрлийн 2486 ширхэг багаж, тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байна. “1000 инженер” төслийн хүрээнд ШУТИС нь Японы бизнесийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж, Япон Улсын 10 консорциум их сургууль, мөн судалгааны түвшинд 40 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлээд байна.Үүний үр дүнд судалгааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтарсан судалгааны хүрээнд зэргийн хөтөлбөрт 88 залуу судлаач, зэргийн бус сургалтаар нийт ШУТИС-ийн 400 багш, судлаачийн мэргэжил, ур чадварыг Япон улсад дээшлүүлсэн нь инженерийн болон байгалийн шинжлэх ухааны чиглэлээр хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж чаджээ.

Хамтарсан судалгааны үр дүнд нийт олон улсын 533 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлснээс Scopus, Web of Science, JCR -д бүртгэлтэй болон импакт фактор (IF) бүхий олон улсын нэр хүндтэй сэтгүүлд 270 өгүүлэл хэвлэгдэж, зохиогчийн эрх-27, ашигтай загвар-17, шинэ технологи-12, мэдээллийн сан-5, стандарт -3, Патент-9  зэрэг оюуны өмчийн бүтээл бий болж, судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх, технологи дамжуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах таатай суурь нөхцөл бүрдсэн.

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” (MJEED) төслийн

ШУТИС-ийн хамтарсан судалгааны сэдвийн нэрс

 №

Судалгааны сэдэв

Зохицуулагч

Япон талын хамтрагч

1

Монгол орны эрдэс баялгийн суурь судалгаа

С.Жаргалан

Кюүшү их сургууль , Акита их сургууль, Тохоку их сургууль , Хоккайдо их сургууль

2

Үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах ногоон технологи

Д.Сүнжидмаа

Тохоку их сургууль, Нихон их сургууль , Сайтама их сургууль

3

Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа

М.Дэлгэрмаа

Нийгата их сургууль, Нийгатагийн Технологийн их сургууль
Үцүномия их сургууль, Акита их сургууль,                                                     Нагаока технологийн их сургууль , Тохоку их сургууль

4

Монгол дахь тэнгэрийн дэд бүтэц: Агаар сансрын механик инженерийн мэдлэг ба логистик, хүрээлэн буй орчны хяналт шинжилгээ

Д.Эрдэнэбат

Нагаока технологийн их сургууль

5

Хүрээлэгч орчны бохирдлын хяналтын цогцолбор судалгаа, тогтвортой хөгжил: Төв Монголын Туул, Хараа голын ай савуудын жишээн дээр

О.Мөнхцэцэг

Нагоя их сургууль, Тохоку их сургууль, Акита их сургууль

6

Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацын судалгаа

Б.Сэргэлэн

Toкио ИС, Rюүкюү их сургууль , Kюүшү технологийн их сургууль
Aшикага их сургууль , Аичигийн Технологийн ИС, Күрүмэгийн их сургууль          

7

Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлтийн инженерчлэлийн судалгаа

Ц.Цоггэрэл

Toхоку их сургууль, Ямагата их сургууль, Киото их сургууль Kитакюшү их сургууль, Хирошима их сургууль

8

Дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн ухаалаг системийн хөгжүүлэлтийн судалгаа

Б.Отгонбаяр

Kюүшү технологийн их сургууль
Toкүшима их сургууль

9

Монголын хүнсний зарим бүтээгдэхүүн хатаах аргын харьцуулсан судалгаа

Г.Солонго

Хоккайдо их сургууль, Цүкүба их сургууль , Үцүномияа их сургууль

10

Хүний тогтвортой хөгжлийг хангах Био-инженерчлэлийн судалгаа

Х.Батбаяр

Хоккайдо их сургууль , Цүкүба их сургууль, Киото Технологийн их сургууль

"Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026" арга хэмжээний үеэр ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль (ЭХИС) болон "Ньюком" (Newcom) групп хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Түншлэлийн хүрээнд талууд М-JEED ("1000 инженер") төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан Цахилгаан хангамжийн судалгааны лабораторийг түшиглэн, сэргээгдэх эрчим хүч, инновацын чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Уулзалтын үеэр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хамтарсан судалгааны үр дүн хоёр улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгааг онцлоод залуу судлаачдыг бэлтгэх, судалгааны ажлыг үйлдвэрлэлтэй уялдуулан өргөжүүлэх ач холбогдлыг дурдаж, энэхүү хөгжлийг дэмжин ажиллаж буй зочин профессор, эрдэмтдэд талархлын батламж гардуулав.

 

Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь судалгааны үр дүнг зөвхөн эрдэм шинжилгээний түвшинд танилцуулах бус, судалгааг бодит хэрэглээ, технологи, бүтээгдэхүүн, бизнесийн үнэ цэнтэй холбох зорилгод оршиж байна.

Хуралдааны үеэр Монгол, Японы хамтарсан судалгааны багуудын бүтээл, судалгааны үр дүнг танилцуулсан үзэсгэлэн, постер танилцуулга, networking уулзалт зохион байгуулагдаж байна.

Судалгааны үндсэн хуралдаан нь:

  • Биотехнологи
  • Шинэ болон дэвшилтэт материал
  • Байгаль орчин
  • Цэвэр, сэргээгдэх эрчим хүч
  • Дижитал технологи
  • Хөдөө аж ахуй, хүнсний технологи гэсэн 6 чиглэлээр зохион байгуулагдаж байна.

 

 

ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид дээрх чиглэлүүдээр Монгол, Японы судлаачидтай хамтран хэрэгжүүлсэн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, цаашдын хамтын ажиллагаа, технологи дамжуулалт болон үйлдвэрлэл, бизнесийн салбарт нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэж байна.

Монгол–Японы хамтын ажиллагаа ийнхүү инженерийн боловсрол, хүний нөөцийн хөгжлөөс судалгаа, инновац, технологи, бизнесийн түншлэл рүү өргөжин хөгжиж байна.