Хүнсний аж үйлдвэрийнхэн чадавхиа хөгжүүлэх стратеги дэвшүүлэв

Монгол улсын Хүнсний аж үйлдвэрийн 80 жилийн ойг угтаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хүнсчдийн холбооноос олон цуврал арга хэмжээ бүхий хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ийн Хүнсний инженер зүй, биотехнологийн сургууль, Монголын хүнсчдийн холбоо, “АПУ” ХК хамтран 11 дүгээр сарын 19-нд “Хүнсний аж үйлдвэрийн чадавхи- хөгжлийн стратеги, инноваци” онол,  практикийн бага хурал зохион байгуулав. Бага хурлыг нээж, ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн, УИХ-ын гишүүн, МХХ-ны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва нар үг хэлэв. Ректор Б.Дамдинсүрэн Монгол улсын хөгжлийн өнөөгийн шатанд зөвхөн хүнсний аж үйлдвэрт төдийгүй, эдийн засаг, нийгмийн бүх салбар, байгууллагад инновацийн хөтөлбөр хэрэгжүүлж, чадавхиа дээшлүүлэх нь тулгамдсан асуудал болохыг тэмдэглэж, хурал санаачлагчдад талархал илэрхийлэн амжилт хүсэв. Д.Тэрбишдагва “...энэ хурлын гол зорилго нь бизнес, шинжлэх ухаан, төрийн байгууллагын хамтын ажиллагаа, нэгдсэн хүчийг эх орны хүнсний аж үйлдвэрийн чадавхид чиглүүлэхэд оршиж байгаа юм. Монголын хүнсний аж үйлдвэр хөгжлийн чухал шатанд хүрлээ, тэгэхээр гадагш бус, байгууллагын дотоод ажил, өөрөөр хэлбэл чадавхид чиглэсэн стратеги чухал байна” гэж онцлон тэмдэглэв.  

Хүнсний аж үйлдвэрийн тодорхой дэд салбарууд, компани, аж ахуйн нэгжүүдийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн үндсэн 8 илтгэл хэлэлцсэн энэ хуралд хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын захирал, тэргүүлэх менежерүүд, эрдэмтэд, ХХААХҮЯ-ны удирдлага, салбарын бодлого зохицуулалт, стратегийн төлөвлөлт эрхэлсэн газруудын дарга нар, ажилтнууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн төлөөлөл нийт 100 орчим хүн оролцож,  санал, бодлоо нэгтгэв. Илтгэлүүд салбарын чадавхийг дээшлүүлэх, өөрөөр хэлбэл дотоод асуудлуудад чиглэсэн учраас бизнес эрхлэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байлаа.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан “Монгол хүнсний аж үйлдвэрийн бодит байдал, хөгжлийн төрийн бодлого”-ын талаар илтгэхдээ “хүн амын хүнсний хангамж, баталгааг буй болгоход хүнсний аж үйлдвэрийн гүйцэтгэж байгаа үүргийг үнэлж, цаашдын хөгжлийн зорилтуудыг тодруулав. Профессор Л.Дамдинсүрэн “Хүнсний аж үйлдвэрийн чадавхийн онол, практикийн зарим төсөөлөл” илтгэлдээ “...Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн өнөөгийн онцлог нь хэрэглэгчийн хүсэл таашаалыг  чиг баримжаа болгосон технологийн хөгжлийн стратегитай, зах зээлд чөлөөтэй үйл ажиллагаа өрнүүлдэг, чанар-технологийн удирдлага, менежмент, маркетингийн шинэ арга, туршлагыг эзэмшиж, ер нь мэдлэгийн төлөө тэмүүлдэг, мэргэшсэн хүний нөөцтэй, хүнсний баталгаат байдлын талаар Монголынхоо ард түмний өмнө хүлээх хариуцлагаа гүн ухамсарласан хамт олонтой, хүчирхэг салбар  болох төлөв бүрдэж байгаад оршино” гэж дүгнээд салбар, тодорхой байгууллагын чадавхийг дээшлүүлэх талаар стратегийн 9 чиглэл дэвшүүлж, тус бүрийг тодорхой тайлбарлан ярив. Чадавхийг дээшлүүлэх дээшлүүлэх практик үйл ажиллагаа, технологийн инноваци хэрэгжүүлсэн туршлагаа “АПУ”, “Талх, чихэр” компанийн менежерүүд тодорхой танилцуулав.

Монгол улсын бэлчээрийн малын мах, сүү  боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийн стратеги, хүнсний жижиг үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, сургалт, бизнесийн хамтын ажиллагааны инновацийн тухай илтгэлүүдэд  салбарын чадавхийн чухал асуудлуудыг дэвшүүлэв. Онол, практикийн бага хурлын илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлж, салбарын компаниудад хүргэхийг зэрэгцээ ХИБС-ийн “Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент” Профессорын багийн хамт олон “Жижиг бизнесийн лавлах” номоор салбарын ойдоо бэлэг барьжээ. Ийнхүү хүнсний аж үйлдвэрийнхэн салбарын хэмжээнд болон бүх компанид чадавхийн стратеги хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Мэдээллийг оруулсан:

ХИБС-ийн “Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент” Профессорын баг