“Барилга байгууламжийн геотехникийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол –Оросын хамтарсан эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурал 2009 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр ШУТИС-ийн эрдмийн зөвлөллийн хурлын танхимд болсон. ШУТИС-ийн БИАС-ийн Геотехникийн профессорын багаас Барилга, Автозамын барилга, Усны барилга байгууламж,  Инженер-геологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ажиллаж буй инженер-техникийн ажилтнууд болон тухайн мэргэжлээр тус сургуулийн магистрантур болон докторантурт сурч байгаа оюутнуудад зориулан зохион байгуулж байна. Хурлын сэдэв нь “Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд” юм байна. Нийслэл хотод тулгамдаад байгаа асуудлуудын нэг бол яах аргагүй барилга байгууламжийн бат бөх тогтвортой байдал юм. Манай орны нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь нь цэвдэгтэй гэсэн судалгаа байдаг ажээ. Нийслэл хотод шинээр баригдаж байгаа барилгууд цэвдэгтэй газар, эсвэл хөлдөж овойсон хөрсөнд тооцоо судалгаа дутуу хийж барилга барьснаас ан цав гарах, амархан эвдэрч муудах, тэгш байдал нь алдагддаг байна. Тиймээс хуралд оролцогчид олон жилийн цэвдэг болон хөлдөж овойдог хөрсөнд барилга байгууламж барих асуудалд хандаж байгаа нь нүдээ олсон сэдвээр энэ удаагийн хурлыг зохин байгуулж байгаа тухай ярилцаж байв. Уг хурлыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Хуралд монгол орны геотехникийн нөхцөлийн судалгааны ажлын үр дүн, хүйтэн сэрүүн уур амьсгалын нөхцөлд барилга байгууламжийн бетоны ажлын технологи, хүйтэн тэсвэрлэлт, инженер-хайгуулын ажлын хөгжлийн асуудлуудаар монголын Барилгын инженерүүдийн холбоо болон Инженер-геологичдын холбооны гишүүн  эрдэмтэн мэргэжилтнүүд илтгэл тависан. Монгол орны хот байгуулалтын суурь судалгааны үндэс болсон геотехникийн нөхцөлийн судалгааны үр дүн, олон жилийн цэвдэг болон овойж хөлддөг ул хөрсөнд барилга байгууламжийн төсөл зохиох онол практикийн асуудлууд,  монгол орны хүйтэн сэрүүн уур, амьсгалын нөхцөл дэх тэг градусын хэлбэлзэл, давтамжийн техник, технологийн хэрэглээ, усжуулалтын барилга байгууламжийн онцлог, усны барилга байгууламжийн бетоны хүйтэн тэсвэрлэлт, авто замын барилгад хэрэглэх  шинэ технологи-геотор хэрэглэх, ул хөрсний шинж чанарын  судалгааны үр дүн зэрэг барилга байгууламжийн найдвартай ашилалтад нөлөөлөх хүчин зүйлүүдийн судалгааны үр дүнгийн талаар илтгэлүүд тавигдлаа. Мөн ОХУ-ын Москва хотын Барилгын инженерийн их сургуулийн Инженерийн цэвдэг судлалын лабораторийн эрхлэгч доктор, профессор Кроник Я.А, Буриад улсын Барилгын экспертийзийн газрын дарга, доктор Лыкщитов Б.В нар  оролцсон юм. Түүнчлэн Монгол-Оросын эрдэмтэн профессор Д.Дашжамц, профессор Я.А.Кроник, дэд доктор Б.В.Лыкщитов нар хамтарч “Цэвдэг ба овойдог хөрсөн дээрхи барилгын буурь, суурь” ном бичсэн нь саяхан Москвад хэвлэгджээ. Энэ номын тухай профессор Я.А.Кроник танилцуулав.


Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн