2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын Бурхан шашны их сургууль хооронд сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, соёлын өвийг хамгаалах, дижитал технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны санамж бичигт ШУТИС-ийн ректор Т.Намнан, Монголын Бурхан шашны их сургуулийн ректор Ж.Лхагвадэмчиг нар гарын үсэг зурж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлов.

Санамж бичгийн хүрээнд талууд Монгол дахь буддын сүм хийдийн түүх, соёлын өв, шашны мэдлэгийн өвийг хамтран судлах, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, форум, семинар зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Мөн соёлын өвийг хамгаалах, баримтжуулахад шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиглахад онцгой анхаарах юм. Тухайлбал, буддын сүм хийдэд хадгалагдаж буй шашны үнэт дурсгал, зураг, цутгуур, баримал, тахилын урлагийн бүтээлүүдийг бүртгэх, тайлбарлах, баримтжуулах, түүхэн дурсгалт газрыг хамгаалах, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.

Хамтын ажиллагааны нэг чухал чиглэл нь соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил юм. ШУТИС-ийн зүгээс Монголын Бурхан шашны их сургуульд хадгалагдаж буй түүх, соёлын дурсгал, судар бичгийг дижиталжуулахад техник, технологийн туслалцаа үзүүлж, соёлын өвийг хадгалж хамгаалах, судалгааны эргэлтэд оруулахад хамтран ажиллана.
Түүнчлэн хоёр их сургуулийн багш, судлаач, оюутнууд харилцан номын сан, судалгааны орчноо ашиглах, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах боломж бүрдэж байна.
Боловсролын хамтын ажиллагааны хүрээнд Монголын Бурхан шашны их сургуулийн багш, ажилтнуудын мэдээллийн технологи, онлайн сургалтын арга зүйн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөр, агуулга, суралцахуйн үр дүнг хамтран боловсруулах чиглэлээр ажиллахаар тусгасан байна.

ШУТИС болон Монголын Бурхан шашны их сургуулийн хамтын ажиллагаа нь Монголын түүх, соёл, шашны өвийг шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй уялдуулан судлах, хадгалж хамгаалах, уламжлалт мэдлэгийг орчин үеийн боловсрол, судалгааны үйл ажиллагаатай холбох шинэ боломжийг бүрдүүлж байна.
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.
ОХУ-ын Үндэсний судалгааны их сургууль "МЭИ"-ийн ректор Н.Д. Рогалев Монголын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртэв.