Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн удирдлага, бүрэлдэхүүн 2026 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Багахангай, Налайх, Багануур дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Энэхүү уулзалт нь судалгаанд суурилсан үйлдвэрлэлийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй болон нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, үйлдвэрлэл–боловсролын тогтвортой түншлэлийг хөгжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдав.
Уулзалтад ШУТИС-ийн Ректор, доктор, профессор Т.Намнан, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, хүрээлэнгүүдийн удирдлага, төлөөлөл болон Багахангай, Налайх, Багануур дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркуудын удирдлагууд оролцов.


ШУТИС нь дээрх гурван үйлдвэрлэл, технологийн парктай хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, хэрэгжүүлэх үйлдвэрийн төслүүдэд мэргэжлийн хөндлөнгийн дүгнэлт, зөвлөмж өгөх, судалгаанд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлтийг дэмжих замаар эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ажиллаж байна.

Багахангай дүүрэгт үйлдвэрлэлийн боломж, хүний нөөцийн асуудлыг хэлэлцэв
Багахангай дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парктай танилцах үеэр тус паркийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл авч, үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх боломжийн талаар санал солилцов.
Мөн “Ян сарьдаг оргил” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн үйл явц болон салбарын хүний нөөцийн хэрэгцээний талаар мэдээлэл авлаа.


Энэ хүрээнд ШУТИС-ийн сургалтын боломжийг үйлдвэрлэлийн эрэлттэй уялдуулж, дүүргийн иргэдийг нэн шаардлагатай нарийн мэргэжлээр эчнээ хэлбэрийн сургалтад хамруулан бэлтгэх, мэргэшүүлэх боломжийг судалж байна. Ингэснээр иргэд эрэлттэй мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагдах боломжийг нэмэгдүүлэх юм.
Налайх дүүрэгт үйлдвэрлэл, технологийн кластер хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
ШУТИС-ийн удирдлагууд Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК-д зочилж, паркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явц болон цаашдын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа.

Уулзалтын үеэр паркийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйлдвэрлэл, технологийн кластер хөгжүүлэх зорилго, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар мэдээлэл солилцов.
Түүнчлэн үйлдвэрлэл, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, оюутан, судлаачдын практик оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, инновац болон хүн төвтэй технологийн шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

Цаашид ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чадавхыг Налайх дүүргийн үйлдвэрлэл, технологийн орчинтой уялдуулж, их сургууль–аж үйлдвэр–хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдлээ.
Мөн Налайх дүүрэг дэх ШУТИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний шинэ төвөөр зочилж, тус төвийн цаашдын үйл ажиллагааг орон нутгийн үйлдвэрлэл, технологийн хөгжлийн хэрэгцээтэй уялдуулах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Багануур дүүрэгтэй хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана
Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулсан уулзалтаар дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбацэцэг болон холбогдох албаны төлөөлөлтэй хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Энэ үеэр ШУТИС-ийн Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр их сургуулийн сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагаа болон үйлдвэрлэлтэй хамтран ажиллах боломжийн талаар танилцуулга хийв.

Уулзалтын үр дүнд ШУТИС болон Багануур дүүргийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах эхний тохиролцоонд хүрлээ. Цаашид Багануур дүүргийн үйлдвэрлэл, технологийн хөгжлийн хэрэгцээнд нийцсэн хүний нөөц бэлтгэх, судалгаа, инновацын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн төслүүдэд их сургуулийн мэргэжлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэх юм.
Дээрх уулзалт, танилцах үйл ажиллагааны хүрээнд үйлдвэрлэлд шаардлагатай нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, оюутан, багш, судлаачдын практик оролцоог нэмэгдүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудлыг онцлон хэлэлцлээ.
ШУТИС-ийн хувьд үйлдвэрлэл, технологийн паркуудтай хамтран ажиллах нь зөвхөн хүний нөөц бэлтгэхээс гадна судалгаа–инноваци–үйлдвэрлэл–хөрөнгө оруулалтын уялдааг бий болгож, орон нутгийн үйлдвэрлэл, технологийн хөгжлийг мэдлэг, шинжлэх ухаанд тулгуурлан дэмжих чухал боломж болж байна.
Ийнхүү ШУТИС нь Багахангай, Налайх, Багануур дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, их сургууль–аж үйлдвэр–орон нутаг хоорондын түншлэлийг бэхжүүлэх, үйлдвэрлэлийн бодит хэрэгцээнд нийцсэн инженер, техникийн хүний нөөц бэлтгэх, шинжлэх ухаан, инновацын шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилтоо тодорхойллоо.
ШУТИС-ийн удирдлагууд Багахангай, Налайх, Багануур дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркуудтай танилцаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо
Тоёотагийн сургалтын шинэ төвийн нээлт боллоо
ШУТИС АЗИЙН ГАНГҮҮР 2026-д тэргүүлж, түүхэн амжилт үзүүллээ!
Биоанагаахын инженерчлэлийн хөгжлийн олон улсын II хурал ICDBE 2026 амжилттай зохион байгуулагдлаа
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын хүрээнд Хотын усны тэсвэрлэх чадварыг сайжруулах Байгальд түшиглэсэн шийлүүд сэдвээр зэрэгцээ үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа