Тоёотагийн сургалтын шинэ төв байгуулагдлаа

Автомашины салбарын хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх, сургалт–үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх зорилгоор Тоёотагийн сургалтын шинэ төвийг Мишээл авто төвд байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр болж, Тоёота Мотор Корпорацын Энэтхэг, Зүүн Өмнөд Ази, Ойрх Дорнод, Номхон далайн бүс хариуцсан Ерөнхий менежер Такемура Акитоши тэргүүтэй төлөөлөгчид, ШУТИС-ийн ректор, доктор, профессор Т.Намнан, Механик, тээврийн сургуулийн захирал доктор, дэд профессор Н.Пүрэвдорж болон бусад албаны хүмүүс оролцов.

Шинээр байгуулагдсан тус төв нь Тоёотагийн төлөөлөгч, дилер байгууллагуудын хүний нөөцийг системтэйгээр хөгжүүлэхийн зэрэгцээ автомашины борлуулалтын дараах засвар, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах зорилготой юм. Сургалтын хөтөлбөрт аюулгүй ажиллагаа, техникийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, харилцааны ур чадварыг цогцоор нь хөгжүүлэхэд анхаарч байна.

 

Сургалтын шинэ төв нь сургалтын орчныг бодит ажлын байрны нөхцөлтэй аль болох ойртуулсан бөгөөд автомашины доод хэсгийн үзлэг, оношилгоо хийх боломж, аюулгүй ажиллагааг хангасан ажлын орчин, сургалтын болон тоног төхөөрөмж хадгалах хэсгийг тусгаарласан зохион байгуулалттай.

Мөн сургалтын үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна автомашины будгийн ажлын дадлага хийх зориулалттай будгийн камер суурилуулах тусгай талбайг төлөвлөсөн байна.

Ингэснээр автомашины засвар, үйлчилгээний чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд онолын мэдлэгээ бодит ажлын орчинд хэрэгжүүлж, мэргэжлийн ур чадвараа тогтмол дээшлүүлэх боломж бүрдэх юм.

ШУТИС болон Тоёота корпорацын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд “Тоёота-сан” сургалтын төлбөрийн тэтгэлгийг олон оюутанд олгож ирсэн юм. Тус сан нь оюутнуудын суралцах боломжийг дэмжих, инженер техникийн чиглэлээр хүний нөөцийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Мөн 2024 оны 10 дугаар сараас ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд Тоёота-Техникийн сургалтын хөтөлбөр (T-TEP – Toyota Technical Education Program) албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд автомашины инженерчлэл, дотоот шаталтат хөдөлгүүр, машины электрон системийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад онолын мэдлэг, практик ур чадварыг хослуулсан сургалт зохион байгуулж байна.

Шинэ сургалтын төв байгуулагдсанаар өмнө нь голчлон Тоёотагийн дилер, төлөөлөгч байгууллагуудад чиглэж байсан сургалтын боломжийг өргөжүүлж, илүү өргөн хүрээнд мэргэжилтэн, багш, сургагч нарыг чадавхжуулах, цаашлаад багш нарт зэрэг олгох сургалт зохион байгуулах боломж бүрдэж байна.

 

Түүнчлэн ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн багш, оюутнууд сургалтын төв болон Тоёотагийн төлөөлөгч байгууллагын үйл ажиллагаатай уялдан ажиллах замаар үйлдвэрлэлд суурилсан практик мэдлэг, ур чадвар эзэмших боломжийг нэмэгдүүлэх юм.