БНСУ-ын Инчеон хотын Мичухол-гу дүүргийн зөвлөлийн дарга Ким Жин-Гү (Kim Jin-Gu) тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр айлчиллаа.
Мичухол-гу нь БНСУ-ын томоохон хотуудын нэг болох Инчеон хотын өөртөө засах дүүрэг бөгөөд 2026 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар гадаадын иргэдийг оролцуулан 439 мянга гаруй хүн амтай, 24.85 км² нутаг дэвсгэр, 21 хороотой. Тус дүүрэгт боловсрол, үйлдвэрлэл, бизнес, соёлын олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Инчеон хотын боловсрол, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзэлдэг.
Төлөөлөгчдийг ШУТИС-ийн Ректор Т.Намнан, проректорууд болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд хүлээн авч уулзан, ШУТИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, инновац, олон улсын хамтын ажиллагааны өнөөгийн үйл ажиллагааг танилцуулж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Инчеон хотын их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтарсан сургалт, судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, судлаач, оюутны солилцоог өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Түүнчлэн инженер, технологи, мэдээллийн технологи, эрчим хүч, хот төлөвлөлт, дэд бүтэц зэрэг ШУТИС-ийн сургалт, судалгааны чиглэлээр Инчеон хотын холбогдох их сургууль, байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон бөгөөд манай сургуультай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд Мичухол-гу дүүргийн зөвлөлийн Төлөвлөлт, захиргааны хорооны дарга Ким Жэ-Вон (Kim Jae-Won), Үйл ажиллагааны хорооны дарга Ян Жин Сок Ян Жин-Сок (Yang Jin-Seok), зөвлөлийн гишүүд Жан Хён-Тэ (Jang Hyun-Tae), Ан Жэ-Хүн (An Jae-Hoon), Ким Су-Гён (Kim Su-Gyeong), Ким Ён-Гүн (Kim Young-Kun) болон зөвлөлийн албаны төлөөлөл оролцов.
Энэхүү айлчлал нь ШУТИС болон Инчеон хотын боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын хооронд харилцаа холбоог өргөжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломж, чиглэлийг тодорхойлох, улмаар Монгол, Солонгосын боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа