Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо

Тус сургуулийн тэтгэвэртээ гарсан ахмад багш, ажилтнууд болон одоо ажиллаж буй багш, ажилтнууд нийлсэн 85 хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг 07-р сарын 16 – 23-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн-Жинин-Хөх хотын гэсэн аяллын хөтөлбөрийн дагуу амжилттай аялаад ирлээ.

Аяллын явцад 20 гаруй төрлийн халуун рашааны ундаргатай Жинин хотын “World Water” амралт-рашааны цогцолборт амарч, төрлийн бүрийн рашаанд орж, биеийн алжаалаа тайлан, олон төрлийн чөлөөт сонголттой хоол, ундааг таваар амтархан зооглож амарч тухаллаа.

Аяллын гурав дахь өдөр Мини аватарын аялал-зугаалгын цогцолборын амьтны хүрээлэн болон газрын түвшнээс 50 гаруй метрийн өндөрт байрлах уулын хавцлыг холбосон шилэн гүүрээр багагүй зориг гарган туулж, усан парк болон задгай үйлчилгээний газарт сэрүүцэн зугацааж, багахаан амарсны дараа Хөх хотын төвд байрлах зочид буудалд тухаллаа.

 

Өвөр монголын өөртөө засах орны нийслэл  Хөх хотын Шинжлэх ухаан, технологийн музейг үзэж сонирхлоо. Энэхүү музей нь 3 давхар нүсэр барилгатай ба 3 давхарт нь Хятад улсын сансрын уудмыг судлах талаар гаргасан ололт, амжилтыг харуулсан үзмэрүүдээр тохижуулсан байна. 2 давхрын бүх үзмэрүүдийг сонирхсон хүүхэд багачуул гараар барьж, оролдох бүрэн боломжтой тул байгалийн юмс, үзэгдлийн талаарх ойлголтыг хялбаршуулсан байдлаар таньж мэдэхэд маш тохиромжтой байдлаар тохижуулсан байна. Энэ музейг амралтын өдөр үзэж таарсан тул хүүхэд багачуулаа дагуулсан гэр бүлийн хүмүүс маш их байсан ба гадна, дотно гэлтгүй бүх хүнийг бүртгэж оруулж байсан нь сонин байлаа.

Дараа нь манай аяллын баг далайн аквариумд далай, тэнгисийн загас болон төрөл бүрийн баялаг усны амьтан бүхий төрөл бүрийн усан сантай танилцан, далайн хав ба лусын дагинын тоглолт үзэж, алжаалаа тайлан зугаатай цагийг өнгөрөөв.

БНХАУ-д сүүлийн үед ард иргэдийнхээ оюуны боловсролд асар их хөрөнгө оруулалт хийж, нүсэр том музей, театрын барилга байгууламж асар олноор  барьж байгаа нь аяллын хөтчийн яриа болон аялж яваа бидний нүдний өмнө ил харагдаж байлаа.

  

 

Тавтай аялж яваа бид бүхэн Хөх хотын худалдааны төв, дэлгүүр, хоршоогоор чамгүй хэсэн нүд хужирлаж, өөрсдийн хэмжээнд панз, наймаа үсэргээд амжсан шүү.

Ингээд Хөх хотод 2 хоног амарч чамгүй сонин үзвэр, үйлчилгээ авч тухалсан аяллынхан  5 дахь өдрийн өглөө эртлэн Баянмөнх даян хааны ач хүү Алтан хааны хөшөө бүхий талбайд зочлон, зураг татуулан хөлгийн жолоогоо Эрээн хот руу заллаа.

Энэ удаагийн ахмад багш, ажилтнуудын аяллыг зохион байгуулсан “Эрхэс травел”ХХК болон ялангуяа хамтран ажилласан БНХАУ-ын талын компанийн захирал, хөтөч нар маш хариуцлагатай ажиллаж, аяллын явцад зорчиж буй газар орны тухай түүх, баримт түшсэн тайлбар, аялалд оролцсон хүмүүст цагийн хуваарийн тухай сануулга, санамжийг  тухай бүр танилцуулан бид бүхний тав тухыг хангах талаар байнга анхаарч байсанд Ахмадын зөвлөлийн болон бүх аялагчдын өмнөөс талархал илэрхийлж байна.

Бид аяллын явцад тодорхой зохион байгуулалтад орж, 2 хэсэг болон хуваагдан 1 дүгээр автобусыг Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Ганзориг, 2 дугаар автобусыг Захиргааны ахмадын салбар зөвлөлийн дарга Ж.Сэр-Од нар тус тус хариуцан, хүмүүсээ бүртгэх, санамж зөвлөгөө өгч, сайн ажилласанд нийт аялагчдын өмнөөс талархал илэрхийлж байна.

Мөн түүнчлэн энэхүү аяллыг зохион байгуулах боломжийг бүрдүүлж, зохих шийдвэр, санхүүжилтээр хангасан ШУТИС-ийн Ректорын зөвлөл, бүрэлдэхүүн сургуулийн удирдлагад ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн өмнөөс талархал илэрхийлж байна.

ШУТИС-ийн Ахмадын зөвлөл