ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн (ШУТИС) Ректор, профессор Т.Намнан тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хотод албан ажлын айлчлал хийж, тус хотын захиргаа болон нүүрстөрөгчийн саармагжилт, шинэ эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр судалгаа, инновацын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд ШУТИС болон Ордос хотын захиргаа хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, уг санамж бичигт ШУТИС-ийн Ректор, профессор Т.Намнан, Ордос хотын дэд дарга Жан Шүйлин нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновац, инженерчлэл, шинэ эрчим хүч, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, нүүрстөрөгчийн саармагжуулах технологийн шийдэл, судалгаа хөгжүүлэлт болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

  

Ордос хот нь эрчим хүчний салбарын шилжилт, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор уламжлалт эрчим хүчний үйлдвэрлэлийг шинэ эрчим хүч, эрчим хүчний хадгалалт, ногоон устөрөгч, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах технологи болон нүүрстөрөгчийн саармагжилтын судалгаатай уялдуулан хөгжүүлэхэд анхаарч буй бүс нутгийн чухал төвүүдийн нэг юм.

Айлчлалын үеэр ШУТИС-ийн төлөөлөгчид Ордосын Шинэ эрчим хүчний судалгааны хүрээлэн (New Energy Research Institute)-д зочилж, шинэ эрчим хүч, эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, нүүрстөрөгчийн саармагжилтад чиглэсэн технологи, судалгааны ажлын талаар мэдээлэл авч, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ.

 

Тус хүрээлэнгийн үйл ажиллагаа нь шинэ эрчим хүчний технологийг хөгжүүлэх, эрчим хүчний салбарын ногоон шилжилтийг дэмжих, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, саармагжуулах,  эрчим хүчний хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх зэрэг нүүрстөрөгчийн саармагжилтын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн судалгаа, инновацын чиглэлүүдтэй уялдаж байна. Уулзалтын үеэр талууд шинэ эрчим хүч, ногоон устөрөгч, эрчим хүчний хадгалалт болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах инженер, технологийн шийдлийн чиглэлээр хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

 

Мөн Ордосын лаборатори (Ordos Laboratory)-д ажиллаж, тус лабораторийн судалгаа, инновацын үйл ажиллагаатай танилцлаа. Ордосын лаборатори нь Ордос хотын захиргааны санаачилгаар байгуулагдаж, Цинхуа их сургуультай хамтран хөгжүүлж буй өндөр түвшний инновацын платформ бөгөөд тус лаборатори нь дэвшилтэт нүүрс-химийн технологи, шинэ эрчим хүчний химийн технологи, үйлдвэрлэлийн дулааны эрчим хүчний хуримтлуур, нано шинэ материал зэрэг үндсэн чиглэлд судалгаа, технологийн хөгжүүлэлт хийж, эрчим хүчний салбарын шилжилт, шинэчлэлд шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх зорилготой.

Уулзалтаар ШУТИС, Ордос хотын захиргаа хамтран Ордосын лабораторийг түшиглэн Бүс ба замын хамтарсан лаборатори байгуулж нүүрс-хими, байгалын хий нүүрстөрөгчийг хувиргаж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч, газрын гүний дулаанаар халаалтыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр дэвшилтэд технологи хөгжүүлж, бодитоор үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр хамтран ажиллахаар тохиролцлоо.            

 

Гадаад харилцааны алба