Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Канадын Ёорк их сургууль хамтран Канадын Хөгжлийн сангийн (IDRC) санхүүжилтээр AI4PEP (Artificial Intelligence for Pandemic and Epidemic Preparedness and Response) – “AIZoOM: Хиймэл оюунд суурилсан зоонозын төрлийн гоц халдварт өвчний дэгдэлтийг таамаглах, хянах, удирдах платформ хөгжүүлэх” төсөл 2025-2027 онд хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд ШУТИС болон ЗӨСҮТ хамтран ажиллах гэрээнд ШУТИС-ийн ректор Т.Намнан, ЗӨСҮТ-ийн захирал Б.Амгаланбаяр нар гарын үсэг зурах ажиллагаа 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо.
Хамтын ажиллагаанд гэрээнд гарын үсэг зурах ажиллагааг ШУТИС-ийн ректор Т.Намнан нээж үг хэллээ. Шинжлэх ухаанаар овоглосон технологийн их сургуулийн хувьд шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг бодит хэрэглээнд нэвтрүүлэхэд илүү анхаардгийн нэг жишээ нь өнөөдрийн арга хэмжээ болж буйг тэмдэглэв. Хамтарсан судалгааны төслийг хэрэгжүүлэхэд ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө, анхан шатны өгөгдөл, үр дүнг нэвтрүүлэхэд танай байгууллага анхаарал тавьж, хамтран ажиллах гэж байгаад Б.Амгаланбаяр захиралд болон төслийн багийнхандаа талархал илэрхийлж байна гэлээ.
ЗӨСҮТ-ийн захирал Б.Амгаланбаяр хэлэхдээ, манай байгууллага улс орон даяар үйлчилгээ үзүүлдэг, өөрийн онцлогтой байгууллага. Тарваган тахлын голомтын тандан судалгаа бидний хийдэг нэг чухал ажилд ШУТИС-ийн төслийн баг орчин үеийн өндөр технологи, дрон, хиймэл оюун ашигласан платформ хөгжүүлэх гэж буйд их талархалтай хандаж байна гэв.
Арга хэмжээний үеэр ШУТИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал, AIZoOM төслийн удирдагч И.Цэрэн-Онолт төслийн зорилго, хэрэгжилтийн явц, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцууллаа.
AIZoOM төсөл нь хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ, газарзүйн мэдээллийн систем зэрэг дэвшилтэт технологийг ашиглан зоонозын болон халдварт өвчний тандалт, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна.
Хамтын ажиллагааны гэрээнд ШУТИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал, төслийн удирдагч, профессор И.Цэрэн-Онолт, ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд тандалт шуурхай удирдлагын албаны дарга Х.Ариунболд нар гарын үсэг зурж, ШУТИС-ийн ректор Т.Намнан, ЗӨСҮТ-ийн захирал Б.Амгаланбаяр нар гэрээг батлав. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн ЭШТХА-ны дарга Ц.Цоггэрэл, AIZoOM төслийн багийн гишүүд, ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд оролцлоо.




Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.