“Газрын тос-2026” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсад Газрын тосны салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан “Газрын тос-2026” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн XXXII бага хурал 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хурлыг ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай хамтран зохион байгуулсан бөгөөд энэхүү хуралд уламжлалт ба уламжлалт бус газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй гэрээлэгч компаниудын төлөөлөл, БНЭУ, БНХАУ, ОХУ-ын эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд оролцож, эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэн, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, илтгэлүүдээ хэлэлцүүлж, санал солилцон зөвлөмж авлаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны дарга Ц.Цоггэрэл, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг, ШУТИС-ийн ГУУС-ийн ГТӨИТ-ийн эрхлэгч М.Оюунтөгс  нээж, мэндчилгээ хүргэлээ.

  

Тэргүүн илтгэлүүдийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “Газрын тосны салбарын эрх зүйн орчны шинэчлэл”, Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат “Газрын тосны салбарын өнөөгийн байдал”, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг “Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах цогц бүтээн байгуулалт” сэдвээр тус тус тавьж, газрын тосны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хайгуул, олборлолт үйл ажиллагааг эрчимжүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, мөн салбарт тулгамдаж буй асуудал, сорилт бэрхшээл болон тэдгээрийг шийдвэрлэх боломжит арга замуудыг танилцууллаа.

  

Хурлын эмхэтгэлд Монгол, БНЭУ, БНХАУ, ОХУ-ын 78 эрдэмтэн судлаачид 38 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн бол газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг 22 аж ахуйн нэгж байгууллагын 100 гаруй судлаач, инженер техникийн ажилтнууд, бакалавр, магистр, докторын түвшний оюутнууд  хүрэлцэн ирлээ.

Олон улсын эрдэм хурлын үеэр Монгол, БНЭУ, БНХАУ, ОХУ-ын эрдэмтэн, судлаачдын 11 аман илтгэл, 13 ханан илтгэл хэлэлцэгдэж, төрөл тус бүрийн хувьд илтгэлүүдийг 1-3-р байр эзлүүлэн, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.