
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) олон нийтийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекцийг жил бүр зохион байгуулдаг. Энэ удаагийн зочин илтгэгчээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Фолькер Түрк оролцож, 2026 оны 5 дугаар сарын 10-нд "Хүний эрх: Үндэсний болон даян дэлхийн сорилтуудад шийдэл болох нь" сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүд, төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид болон оюутан залуусын төлөөлөл болох 200 гаруй хүн оролцлоо. Үүнд ШУТИС-ийг төлөөлөн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, түүхийн ухааны доктор, хүний эрх хамгаалагч Х.Мөнхбаяр Менежментийн сургууль болон Механик инженерчлэл, Тээврийн сургуулийн 7 оюутны хамт оролцлоо.

Эрхэм Фолькер Түрк илтгэлдээ, Монгол Улс олон арван жилийн турш энх тайвны яриа хэлэлцээний тод үлгэр жишээ байж, геополитикийн томоохон тоглогчидтой ухаалаг харилцаж ирснийг онцлов. Тэрбээр үүнийг ижил нөхцөлтэй Австри Улсын иргэний хувьд ихээхэн үнэлж хүндэтгэдгээ илэрхийлсэн юм. Мөн Монголын түүх бол Номхон далайгаас Хойд Атлантын далай хүртэл нөлөөлж байсан дэлхийн түүх гэдгийг тэмдэглэв. Монгол Улс дэлхийн хамтын ажиллагааг дэмжиж, бүс нутагтаа энх тайвныг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг дурдаад, хүний эрхийг хамгаалах чармайлтаараа бүс нутагтаа анхдагч болсныг сайшаалаа.

Гэвч олон улсын нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, дайн тулааны хор уршиг нэмэгдэж байгааг санууллаа. Дэлхий даяар тэгш бус байдал даамжирч, неоколончлолын хандлага илэрч байна. Цэргийн мөргөлдөөн 2012 оноос хойш 2 дахин нэмэгдэж, одоогоор 61 орон болтол тэлснээс дэлхийн хүн амын гуравны нэг (1/3) нь хүнсний дутагдалд оржээ.
Комиссар Монгол Улсын нүүдэлчин амьдралын хэв маяг нь тогтвортой хөгжлийн үндэс гэдгийг сайшаасан юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлт малчдыг ядууруулж, экологийн хэлмэгдүүлэлт (Ecocide)-ийн золиос болгож байна. Цаг уурын энэ өөрчлөлтийн улмаас 2100 он гэхэд дэлхийн дулаарал 2.3 хэмээр өсөх хандлагатай байгаа ч Монгол орон үүнээс 3 дахин хурдан дулаарч буйг тэмдэглэв. Түүнчлэн уул уурхайн салбар нь гадаадын тэрбумтнуудад биш, Монголын ард түмэнд бодит ашиг тусаа өгөх ёстойг санууллаа.
Нийгмийн олонх чимээгүй байдаг ч дотроо бие биеэ хайрлаж, хамгаалах ёстойг мэдэрч байдаг. Тиймээс хүн бүр хүний эрх хамгаалагч тул дор бүрнээ юу хийж чадахаа эргэцүүлж, бодит хувь нэмэр оруулахыг уриалснаар илтгэлээ өндөрлүүлэв.

Илтгэл бүрэн эхээрээ: https://nhrcm.gov.mn/#/page/7/post/view/6800
Эко боловсролын аян 2026
НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын хүндэтгэлийн лекцэд ШУТИС-ийн төлөөлөл оролцлоо
“Мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжил, өөрчлөлт, шинэчлэл” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Компьютерын сүлжээний улсын XIV олимпиад, эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн нэрэмжит “Хиймэл оюуны хөгжүүлэлтийн улсын III-р уралдаан – AI Legends 2026” амжилттай болж өндөрлөлөө