Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль, ШУТИС Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль, Duurenfood LLC компанийн хамтын ажиллагааны хүрээнд “Савласан бэлэн хоол үйлдвэрлэлийн инновац ба зах зээлийн чиг хандлага” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний хурлыг эрдэмтэн, судлаач багш нар ба их дээд сургуулийн оюутнууд гэсэн 2 түвшинд 2026 оны 05-р сарын 01-ний өдөр ШУТИС-ийн 604 тоот танхимд амжилттай зохион байгууллаа. Энэхүү үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго нь түргэн хөргөж, хөлдөөж савласан хоол үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, зах зээлийн боломжуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, салбарын бодлого, инновац, технологийн шинэчлэл, бизнес загварын хөгжүүлэлт, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн санал, санаачилга, шийдлүүдийг боловсруулах, их сургууль болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байлаа.

Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, ХХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, “Дүүрэн Фүүд” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Л.Батжаргал, ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуулийн захирал Я.Төгөлдөр, ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны Сургуулийн захирал Н.Ганзориг, “Дүүрэн Фүүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Анхбаяр болон хүнсний үйлдвэрлэл, борлуулалт, маркетингийн чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчид, эрдэм шинжилгээний хурлын илтгэгч нарын нийт 100 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон байна.

Савласан хоол үйлдвэрлэлийн салбарын түүхий эд бэлтгэлээс хоол үйлдвэрлэл, инновац, хадгалалт, бүтээгдэхүүний чанар, стандарт, түгээлт, нийлүүлэлтийн сүлжээ ба логистик, маркетинг, олон нийтийн харилцаа, хэрэглэгчдийн зан үйл ба сэтгэл зүй, бүтээгдэхүүний дизайн, сав баглаа боодлын шийдэл, аялал жуулчлалын салбарт ашиглах боломж хүртэл шинжлэх ухааны олон салбар, чиглэлийг хамарч зохион байгуулагдсанаараа энэхүү эрдэм шинжилгээний хурлын нэгэн онцлог боллоо.

Эрдэм шинжилгээний хуралд нийт 18 эрдэм шинжилгээ, судалгаа эрхэлсэн байгууллагаас багш, судлаачдын түвшинд 19 судалгааны өгүүлэл, оюутны түвшинд 31 судалгааны өгүүлэл нийт 50 өгүүлэл ирүүлсэн байна. Эрдэм шинжилгээний хурлын 2-р шатанд нийт багш, судлаачдын түвшинд 12 илтгэл, оюутны түвшинд 10 илтгэл хэлэлцүүлж шагналт байруудыг тодорхойллоо.

Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор багш, судлаач, оюутнууд нь өгүүллээ илгээсэн их дээд сургууль, судалгааны байгууллагуудыг дурдвал:
• Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
• АШУҮИС-ийн Дорноговь салбар сургууль
• Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
• Техник Технологийн Их Сургууль
• Мандах Их Сургууль
• Эм Судлалын Хүрээлэн
• Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
• Шинжлэх Ухааны Академийн Биологийн Хүрээлэн
• ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн Үйлдвэр, Дизайны Сургууль
• ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль
• ШУТИС-ийн Механик Инженер, Тээврийн Сургууль
• ШУТИС-ийн Мэдээлэл, Холбоо, Технологийн Сургууль
• ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн Сургууль
• ШУТИС-ийн Менежментийн сургууль
• ШУТИС-ийн харьяа Хөвсгөл дахь ПТК
• Дархан-Уул аймгийн Политехник Коллеж
• Эрдэнэт Цогцолбор Дээд Сургуулийн харьяа Коосэн коллеж
• Хоол Үйлдвэрлэлийн Удирдах Ажилтны Холбоо
Эрдэм шинжилгээний хуралд дараах судлаач, багш, оюутнууд шалгарч шагналт байруудыг эзэллээ.
Багш, судлаачийн эрдэм шинжилгээний хуралд:
1-р байранд, ШУТИС, ХХҮДС-ийн Э. Энхцэцэг, Ц. Минжмаа нарын “Тахианы махны зах зээл, түргэн хөлдөөсөн бэлэн хоолны жор, технологийн судалгаа” илтгэл, 4,000,000 төгрөгөөр
2-р байранд, ШУТИС-ийн НХС-ийн Г. Булгамаа, Менежментийн сургуулийн М. Бурмаа нарын “Франчайз жижиглэн худалдааны дэлгүүрийн бүтээгдэхүүний гүйцэтгэлийн сегмент ба хэв шинжийн өгөгдөлд суурилсан шинжилгээ” илтгэл, 3,000,000 төгрөгөөр
3-р байранд, Мандах их сургуулийн Т. Намуун, Б. Сайнжаргал нарын “Meal kit” зах зээл дэх хэрэглэгчийн зан төлөвийн онцлог ба цаашдын чиг хандлага” илтгэл, 2,000,000 төгрөгөөр
Тусгай байранд, ХААИС-ийн Д. Туул, З. Ундрах, Г. Бямбажаргал нарын “Монгол хэрэглэгчийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авах зан төлөвийн судалгаа” илтгэл, 1,000,000 төгрөгөөр шагнагдав.
Оюутны эрдэм шинжилгээний хуралд:
1-р байранд, ШУТИС, ХХҮДС-ийн Д.Лхамжав, О.Энхтуяа, Г.Мөнхцацрал нарын “Зарим зүйлийн хагийн бактерийн эсрэг идэвхийг тодорхойлон хүнсний бүmээгдэхүүний сав баглаа боодлын гадаргуугийн ариутгал болон хүнсний хадгалалтын хугацааг уртасгах боломж” илтгэл, 2,000,000 төгрөгөөр
2-р байранд, ХААИС-ийн оюутан Ц.Бадамсүрэнгийн “Үхрийн зүрхийг амталж хатаах технологи” илтгэл, 1,500,000 төгрөгөөр
3-р байранд, ШУТИС, НХС-ийн оюутан Б. Тавиланзаяа, Б. Номинхонгор нарын “Оюутан, залуучуудын савласан бэлэн хоолны хэрэглээний зан төлөв ба PR технологийн санал” илтгэл, 1,000,000 төгрөгөөр
Тусгай байранд, АШУҮИС-ийн О. Анужин, Х. Жагармаа, П. Марал, Д. Сайнцэцэг нарын “АШУҮИС-ийн оюутнуудын савласан бэлэн хоолны мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох” илтгэлүүд шалгарч 500,000 төгрөгний шагналыг гардуулав.



ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦСОН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЛЭЭ ИРҮҮЛСЭН НИЙТ СУДЛААЧ, БАГШ НАР, ОЮУТНУУД, ХУРЛЫГ 100 ХУВЬ ИВЭЭН ТЭТГЭЖ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ДҮҮРЭН ФҮҮД ХХК-ИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БҮГДЭД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.
ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургууль
“Савласан бэлэн хоол үйлдвэрлэлийн инновац ба зах зээлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
БНСУ-ын HYOSARANG Medical Group-тэй хамтран ажиллах, санал солилцлоо
ШУТИС-ийн судлаач нэр хүндтэй Хумбольдтын судалгааны тэтгэлэгт шалгарлаа
ШУТИС-ийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн УЛСЫН VI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүд тодорлоо