2026 оны 03 сарын 09-ний өдөр Ректор Т. Намнангаар ахлуулсан ажлын хэсэг Цинхуа их сургууль, TusPark-д албан айлчлал хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ректор Т. Намнанг Цинхуа их сургуулийн Ерөнхийлөгч Ли Лүмин угтан авч албан уулзалтыг эхлүүллээ. Уулзалтад ШУТИС-иас Ректор Т. Намнан, ЭШИ эрхэлсэн проректор Д. Цолмонбаатар, ГХА-ны дарга Г. Батзориг, ХШУС-ийн захирал Б. Тунгалагтамир, МХТС-ийн захирал Л. Баяр-Эрдэнэ, Кибер аюулгүй байдлын тэнхимийн багш Х. Уянгаа, ЭХС-ийн захирал Б. Бат-Эрдэнэ, дэд захирал Д. Үлэмж нар, Цинхуа их сургуулиас Ерөнхийлөгч Ли Лүмин, Дэд ерөнхийлөгч Ян Бин, Олон улсын стратегийн санаачилгын албаны дарга Мэн Бо, Эрчим хүч, эрчим хүчний инженерийн тэнхимийн дэд захирал Рэн Шиаодон, Электроникийн инженерийн тэнхимийн дэд захирал Сүн Кай, Интеграл хэлхээний сургуулийн дэд захирал Жиан Ханжүн, Нүүрстөрөгчийн саармагжилтын хүрээлэнгийн дэд захирал Ван Цэ, Гадаад харилцааны албаны дэд дарга Ван Шиаонан, Гадаад харилцааны албаны Олон улсын түншлэлийн хэлтсийн ахлах менежер Цан Шин, Олон улсын судалгаа, инновацийн албаны ахлах менежер Цан Хан нар оролцлоо.

Уулзалтын эхэнд хоёр их сургуулийн ректорууд нээлтийн үг хэлж, хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцлоо. Хоёр их сургуулийн зүгээс бүхий л чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж, ялангуяа хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, ахисан түвшний хамтарсан хөтөлбөр, оюутан солилцоо, оюутны зуны сургалт зохион байгуулах, нам өндрийн эдийн засгийн төсөл (Low-altitude economy projects) хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Энэ үеэр Цинхуа их сургуулийн санаачилгаар 2023 оны 11 сард эхлүүлсэн “Нүүрстөрөгчийн саармагжилт, эрчим хүчний системийн шилжилт” (CNEST-Carbon Neutrality and Energy System Transformation) болон “Нүүрстөрөгчийн саармагжилтын дэлхийн нийгэмлэг” (WSCN-World Society of Carbon Neutrality) олон талт урт хугацааны хамтарсан судалгааны хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсан нь онцгой үйл явдал байлаа. Тус гэрээнд ЭШИ эрхэлсэн проректор Д. Цолмонбаатар, Цинхуа их сургуулийн Нүүрстөрөгчийн саармагжилтын хүрээлэнгийн дэд захирал Ван Цэ нар гарын үсэг зурлаа.

CNEST хөтөлбөр нь нүүрстөрөгчийн саармагжилтыг хангах, дэлхийн хамгийн чухал сорилтуудын нэгийг шийдвэрлэх чухал алхам болох дараагийн үеийн эрчим хүчний системийг хөгжүүлэх зорилготой юм. Хөтөлбөр нь эрчим хүчний системийн үйлдвэрлэл, хангамж, хадгалалт, хэрэглээг оновчтой болгохын тулд дэвшилтэт технологид суурилсан хөгжлийн загварыг ашиглах явдал бөгөөд энэхүү арга барил нь “Олон төрлийн эрчим хүчний харилцан нөхөх байдал ба эрчим хүчний чанарын тохируулга” бий болгох, эрчим хүчний системийн бүрэн боломжийг нээх зорилготой бөгөөд энэхүү дэвшилтэт хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрийн шилдэг их сургуулиуд болон тэргүүлэх эрчим хүчний компаниудыг нэгтгэсэн. ШУТИС энэ хөтөлбөрт нэгдэж орсноор Монгол улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөрүүд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт 2030, мөн бүс нутгийн хэмжээнд хүлэмжийн хийг буруулах зорилтод их сургуулийн зүгээс боловсрол, эрдэм шинжилгээ, судалгаагаар дамжуулан хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой төсөл юм.
Цинхуа их сургууль нь БНХАУ-ын хамгийн нэр хүндтэй, судалгаа, боловсролын чанараараа тэргүүлэгч их сургууль бөгөөд олон улсын үнэлгээ, судалгааны чансаагаараа дэлхийн шилдэг их сургуулиудын 12-т эрэмбэлэгдэж буй (Times Higher Education (THE) World University Rankings 2026) дэлхийд өндөр нэр хүндтэй, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль юм.
Гадаад харилцааны алба
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичиг, “Нүүрстөрөгчийн саармагжилт, эрчим хүчний системийн шилжилт” (CNEST) олон талт хамтарсан судалгааны хөтөлбөрийн гэрээг байгууллаа.
Цусны донорын өдөрлөг
Rio Tinto Монгол компанийн танилцуулах уулзалтад 400 гаруй оюутан оролцов