“Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах урилга гардуулав

ХШУС-ийн Химийн инженерчлэлийн тэнхимийн хамт олон Газрын тосны боловсруулалтын технологи 2+2 бакалаврын хөтөлбөрийн 2-р ангийн 10 оюутанд БНХАУ-ын Зүүн Хойд Газрын Тосны Их Сургуульд “Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах урилга гардуулах арга хэмжээг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Урилга гардуулах арга хэмжээнд ХШУС-ийн захирал Б.Тунгалагтамир, Ашигт Mалтмал, Газрын Тосны Газар, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр, ХШУС-ийн СЧАДарга Ц.Балжинням, Газрын тосны боловсруулалтын технологи 2+2 бакалаврын хөтөлбөрийн оюутнууд болон оюутнуудын эцэг эх, ар гэрийн төлөөллүүд урилгаар оролцлоо. “Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах урилга гардуулах арга хэмжээг нээж  ХШУС-ийн захирал Б.Тунгалагтамир үг хэлэв. Мөн Ашигт Mалтмал, Газрын Тосны Газар, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр газрын тосны бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, ажиллах хүний нөөцийн талаар оюутнуудад мэдээлэл өгч,  “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Арга хэмжээний үеэр Химийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Ю.Ганчимэг БНХАУ-ын Зүүн Хойд Газрын Тосны Их Сургуулийн танилцуулга болон “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд суралцах хугацаа, кредит шилжилт, сургалтын хэлбэр, тэтгэлэг болон цаашдын хөгжилд үзүүлэх ач холбогдлыг тайлбарлав. Энэхүү “Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах оюутны сургалтын болон амьдрах оюутны байрны төлбөрийг 100 хувь БНХАУ-ын Зүүн Хойд Газрын Тосны Их Сургууль санхүүжүүлж байгаа болно.

Мөн оюутан солилцооны хөтөлбөрт  хамруулахтай холбоотой талуудын эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулах зорилго бүхий “Оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах гэрээ”-нд ХШУС-ийн захирал, СЧАДарга, оюутнууд гарын үсэг зурлаа.

 

Энэхүү оюутан солилцооны хөтөлбөр нь Газрын тосны боловсруулалтын технологи 2+2 хөтөлбөрийн оюутнуудыг  БНХАУ-ын Зүүн хойд Газрын Тосны Их Сургуульд үргэлжлүүлэн суралцахад бэлтгэх,  оюутнуудыг олон улсын боловсролын орчинд дасан зохицох чадварыг хөгжүүлэх, гадаад сургалтын систем, сургалтын арга зүйтэй эртнээс танилцуулах, оюутанд гадаадын их сургуулийн орчинд суралцан өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдүүлэх, хэлний мэдлэг, харилцааны ур чадварыг сайжруулах, мэргэжлийн хятад хэлний чадавхыг бодит орчинд хөгжүүлэх, гадаадад суралцахад сэтгэл зүйг бэлтгэх, эрсдэл, хүндрэлүүдийг багасгах, их сургууль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, 2+2 хөтөлбөрийн нэр хүнд, үр нөлөөг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй нийт оюутнууддаа

сурлагын өндөр амжилт хүсэж, мэдлэг чадвараа тэлэн, нэр хүндтэйгээр суралцаж ирэхийг хүсэн ерөөе.

ХШУС. Химийн инженерчлэлийн тэнхим