Чихрийн шижинтэй тэмцэх өдөрлөг зохион байгууллаа

Энэ жил Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдрийг “Хөдөлмөр эрхэлдэг диабеттай хүмүүсийг ойлгож дэмжье” уриан дор тэмдэглэж байна. Уг өдрийг тохиолдуулан ШУТИС-ийн Эрүүл мэндийн Төв, Биотехнологи, шим судлалын тэнхим, Шим тэжээлийн сургалт арга зүйн чадавхжуулах төв хамтран багш, ажилчид болон оюутнуудад чихрийн шижингийн эрсдэл тодорхойлох өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгийн хүрээнд далд чихрийн шижин илрүүлэх үнэлгээ хийх, биеийн бүтцийг тодорхойлох, зохистой хооллолтын зөвлөгөө мэдээллийг хүргэх ажлуудыг зохион байгуулав.

Тус арга хэмжээнд Цахиур төмөр ХХК дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж 30 гаруй хүний биеийн эрдэсжилтийг Цахилгаан соронзон аппаратаар хэмжиж шаардлагатай зөвлөгөө үйлчилгээг хүргэлээ.

Өдөрлөгт 70 гаруй багш, ажилтан, оюутнууд хамрагдсан ба эрсдэлийн үнэлгээгээр Чихрийн шижингийн урьтал байдал 5 хүнд оношлогдож дараагийн шатны эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулахаар болов. Мөн багш, ажилчдын дунд хүнсний ногоо, самар, буурцагт ургамал, сүү, цагаан идээний хэрэглээ бага, хөдөлгөөний идэвх сул байгаа нь эрсдэлийн үнэлгээгээр ажиглагдлаа.

 

Дэлхийн Чихрийн шижингийн холбооноос хийсэн судалгаагаар диабеттай 4 хүн тутмын 3 нь тухайн өвчнөөс үүдэлтэй сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн ямар нэг асуудалтай тулгардаг байна. Иймээс чихрийн шижин өвчний талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулах, эрт илрүүлэхэд тус өдөрлөг чухал ач холбогдолтой байв.

ХХҮДС, Биотехнологи, шим судлалын тэнхим

ШУТИС, Эрүүл мэндийн төв