Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын ажиллагаа 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.
Нээлтийн ёслолд ШУТИС-ийн ректор Т.Намнан, Удирдах зөвлөлийн дарга Д.Гантулга, проректор, газар албадын дарга, бүрэлдэхүүн болон харьяа сургуулийн захирлууд, эрдэмтэн багш, ажилтан албан хаагчид, шинээр элсэгч оюутнууд оролцож, шинэ хичээлийн жилээ хамтдаа угтан авлаа.
Ректорын мэндчилгээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан оюутан, багш, хамт олондоо баяр хүргэж хэлсэн үгэндээ: “Хичээлийн жилийн нээлт бол зөвхөн шинэ хичээлийн эхлэл бус, шинэ мөрөөдөл, шинэ зорилт, шинэ боломжуудын эхлэл билээ. ШУТИС нь өнөөдөр 45 тэргүүлэх, 12 эрэлттэй хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсад нэн шаардлагатай инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хичээлийн жилд нийт суралцагчдын тоо 19 мянгад хүрч, тэдгээрийн 4800 гаруй нь бакалаврын түвшинд, 270 гаруй нь дэд бакалаврын түвшинд шинээр элсээд байна.
Мөн тэрээр багш, ажилтны цалинг нэмэгдүүлэх, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх алхам хийснээр сургалт, эрдэм шинжилгээний чанар, үр өгөөж дээшлэх үндэс тавигдсаныг тэмдэглээд, “Багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг дээшлүүлэх замаар бид улс орны хөгжилд манлайлах шинэ үеийн инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэнэ
Өнгөрсөн онд ШУТИС судалгааны 28 үндсэн чиглэл, 199 сэдэв-ийг Эдийн засаг, хөгжлийн яамаар батлуулж, Монгол Улсын тэргүүн шадар сайдын тушаалаар анх удаа эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэл авсан нь сургуулийн түүхэн ололтын нэг боллоо. Мөн манай эрдэмтэн багш нарын бүтээл олон улсын нэр хүндтэй SCOPUS мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд нийт 122 өгүүлэл хэвлэгдсэн нь өмнөх оноос 20 гаруй хувиар өссөн амжилт юм” хэмээн онцлов.
Нээлтийн ёслолд шилдэг элсэгчдэдээ ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлгийг гардуулах уламжлал ёсоороо үргэлжиллээ. Энэ жил нийт 8 оюутан бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэв. ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлгээр Барилга, Архитектурын сургуулийн элсэгч А.Түвшинжаргал, Гадаад хэлний сургуулийн Г.Чинчулуун, Геологи, уул уурхайн сургуулийн Б.Зулцэцэг, Механик инженер тээврийн сургуулийн А.Ирмүүнертөнц, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Ч.Хулангоо, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн О.Баасандэмбэрэл Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн А.Азбилэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Б.Анх-Энхмөнх нар тус тус шагнагдлаа.
Барилга архитектурын сургуулийн IV курсийн оюутан Б.Хулан, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн оюутан О.Баасандэмбэрэл нар сургуулийнхаа оюутны өмнөөс талархлын үг хэлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн инженер болохын төлөө хичээн суралцахаа илэрхийлэв.
Шинээр элссэн оюутнууд “Оюутны тангараг”-аа өргөж, хичээлийн шинэ жилийн анхны хонхыг цохисноор 2025-2026 оны хичээлийн жилийн нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр өндөрлөлөө.
ШУТИС-ийн хамт олон та бүхэндээ шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо
Тоёота мотор корпорацийн ахлах ерөнхий менежер Масаширо Яамамото тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов