2025 оны 03-р сарын 28-29-нд болсон БНСУ, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд БНСУ дахь Монгол Судлалын Нийгэмлэг, БНСУ-ын Данкүүк их сургуулийн харьяа Монгол судлалын хүрээлэн хамтран зохион байгуулсан “Монголын уур амьсгал, байгаль орчны өөрчлөлт ба шинэ номадизмийн дискурс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд ГХС-ийн захирал Ц.Энхбаатар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо.
Монгол, Солонгос хоёр улс өнгөрсөн 35 жилийн хугацаанд улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн солилцоо зэрэг олон салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлж ирсэн. Хоёр улсын харилцаа 2011 онд “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-ны түвшинд хүрсэн бол 2021 онд БНСУ-Монгол улсын цахим дээд хэмжээний уулзалтаар “Стратегийн түншлэл” болгон ахиулжээ. Анх дипломат харилцаа тогтоох үед хоёр улсын худалдааны хэмжээ 2.71 сая ам.доллар байсан бол 2024 онд 620 сая ам.долларт хүрч 230 дахин өссөн, мөн харилцан зорчсон иргэдийн тоо өнгөрсөн онд 340,000-д хүрсэн зэрэг нь хоёр улсын харилцаа урьд өмнө байгаагүй хэмжээнд өргөжин тэлснийг тодорхой харуулж байна гэдгийг БНСУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөл тус хурлын нээлтийн үеэр онцлон хэлэв.
Монгол улсын улс төр, гадаад харилцаа, уур амьсгал, байгаль орчны өөрчлөлт, соёл, түүх, хэл шинжлэлийн салбар дахь нарийн судалгааны үр дүнг хуваалцаж, БНСУ-Монгол улсын хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийг тусгайлан хэлэлцэж, мөн “Шинэ залуу судлаачдын салбар хуралдаан” зохион байгуулснаараа тус хурал өндөр ач холбогдолтой боллоо гэдгийг Монгол улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Сүхболд онцгойлон дүгнэлээ.
Томилолтын хугацаанд ГХС-ийн захирал Ц.Энхбаатар ШУТИС, БНСУ-ын Дангүг их сургууль хоорондын “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн гэрээг шинэчлэн хоёр сургуулийн оюутнууд хэл, соёлын өв их уламжлалыг харилцан суралцах боломжийг бүрдүүлж цар тахлаас хойш тасарсан оюутан солилцооны хөтөлбөрөө дахин эхлүүлэв.
Мэдээ бэлдсэн: Гадаад хэлний сургууль
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа