2025 оны 4 сарын 2-ны өдөр Сөүл Үндэсний их сургуулийн Боловсролын сургуулийн 2 багш, 4 ажилтан, Солонгос хэлний багш бэлтгэх курсийн 54 оюутны хамт Гадаад хэлний сургуулийн солонгос хэлний багтай “Гадаад хүнд солонгос хэл заах арга зүй”-н хамтарсан семинар болов. Семинарыг Ахисан түвшний сургуулийн 701, 705, 706 тоот танхимуудад зохион байгуулав. Солонгос хэлний ахлах багш П.Батцэцэг үзүүлэн хичээл орж 30 оюутан монгол багшийн заах аргаас суралцаж, СҮИС-ийн дадлагажигч оюутнууд солонгос хэлний ангийн оюутнуудыг 4 группт хуваан, солонгосын соёлын хичээл орж харилцан туршлага солилцов.

“Монгол багш солонгос хэлээр, монгол оюутнуудад солонгос хэлний хэлзүйн дүрэм тайлбарлаж, багаар ажиллуулж, монгол оюутнууд солонгосоор хоорондоо ярьж байгаа нь сонирхолтой байсан төдийгүй, солонгос хэлийг гадаад улсад ингэж сонирхон судалж байгааг хараад бид их бахархлаа” гэж ирээдүйд солонгос хэлний багш болох оюутан Им Юун Гюүн ярьсан бол, “Солонгос багш нар өөрийн соёлыг үзүүлэн таниулах материалтай, солонгос үндэсний хоолтой биечлэн заасан нь өгөөжтэй байлаа. Цаашид хэлээ улам сайжруулах болно.” хэмээн ГХС-ийн 2 дугаар курсийн оюутан Э.Хүслэн ярив.

Солонгос багш нар оюутнуудаас “яагаад солонгос хэл сурч байгаа, солонгос хэл сураад ямар ажил хийх вэ, солонгос хэлнээс гадна өөр ямар хэл сурдаг вэ, та нарын солонгос хэлний чадвар их сайн байна, тэгэхээр солонгос хэл сурах амархан байна уу”, багш нараас “Бид монголд багшлахад заавал монгол хэлээр ярьдаг байх ёстой юу” гэх зэрэг асуулт асууж байлаа. Энэхүү заах арга зүйн хамтарсан семинарыг Сөүл Үндэсний их сургуультай жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 2 дахь удаа зохион байгуулагдаж буй семинар амжилттай боллоо. Семинарыг хамтран зохион байгуулсан ШУТИС-ийн Ахисан түвшний сургуулийн Солонгос судлалын сургалт судалгааны төвийн хамт олонд баярлалаа. Хамтын ажиллагаа улам илүү өргөжихийн ерөөл талбия.

Мэдээ бэлдсэн: Н.Мэнд /Ази судлалын салбарын профессор/
“Маркетинг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” 2026
ШУТИС-ийн гадаах талбай спортын нээлттэй бүс болон өөрчлөгдлөө
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа
Нийгмийн даатгалын ерөнхий газар, ШУТИС хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ШУТИС-ийн оюутнууд “SMC Internship Program-2026” хөтөлбөрт шалгарлаа