ШУТИС-ийн оюутнууд Япон улсад дадлага хийж байна.

ШУТИС-ийн бүрэлдэхүүн Механик, тээврийн сургууль, Барилга, архитектурын сургууль, Гадаад хэлний сургууль, ШУТИС-ийн  харьяа Технологийн коллежийн оюутнууд 3 дахь жилдээ япон улсад дадлага хийж байна.

ШУТИС болон “Мика Монгол” боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2021 оноос эхлэн барилгын инженер, механик инженер, зочид буудлын үйлчилгээ, техник, технологийн орчуулга зэрэг мэргэжлээр суралцаж буй 40   оюутныг  Япон улсад дадлагажуулах хөтөлбөрт хамрууллаа.

 2024 оны 02-р сарын 24-нөөс 29-ний өдрүүдэд  ШУТИС-ийн СБХА-ны дарга М.Эрдэнэтуяа, МехТС-ийн захирал Н.Пүрэвдорж, БАС-ийн захирал Б.Нарантуяа, Технологийн коллежийн захирал Д.Дулмаа нар Япон улсад томилолтоор ажиллалаа.

Ажлын хүрээнд Япон улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны Дээд боловсролын ерөнхий товчооны орлогч дарга Нишизо Масаки, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны хүний нөөцийн бодлогын хэлтсийн эдийн засаг, үйлдвэрлэлийн бодлогын товчооны захирал Шимазу Юуки нартай уулзаж,  ШУТИС-ийн багш, оюутнуудыг тус улсад дадлагажуулах, дадлагын хөтөлбөрийг цаашид эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

      

Түүнчлэн “Мика Монгол” боловсролын байгууллагатай хамтран  ажилладаг Япон улс болон олон улсад салбартай Valeo, Lixil, Prince hotel, Orion Kikai зэрэг нэр хүндтэй  байгууллагуудын удирдлагатай уулзаж, компанийн үйл ажиллагаа, тэнд дадлага хийж буй ШУТИС-ийн оюутнуудын нөхцөл байдалтай танилцлаа.

Valeo байгууллага нь автомашины мэдрэгч, гэрэл, тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг Францын олон улсын байгууллага бөгөөд Франц, Тайланд, Америк, Хятад, Энэтхэг, Япон зэрэг 33 улсад өөрийн салбараар үйл ажиллагаагаа явуулж байна.

Lixil компани нь өөртөө барилгын материал нийлүүлэгч Тостем корпораци, INAX (жорлон, ванны үйлдвэрлэгч), Шин Никкей (тэнгэр баганадсан барилгуудын материал үйлдвэрлэгч), Sunwave (гал тогооны компани) болон Тоёо Экстерьер (хашаа хаалга үйлдвэрлэгч) компаниудыг нэгтгэн 2011 онд байгуулагдсан томоохон групп юм. Энэ групп дэлхий даяар 150-н оронд салбартай бөгөөд олон улсын стандартад нийцсэн өндөр зэрэглэлийн барилга байгууламж, барилгын материалыг үйлдвэрлэж байна.

    

         

Orion Kikai компаний хувьд өргөн хэрэглээний цахилгаан бараа, халаагуур, хөргөлтийн систем, тоног төхөөрөмжийг олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж буй томоохон байгууллага юм. Дэлхийд өндөр эрэлттэй энэхүү компанийг Тайланд улс “шилдэг экспортлогч байгууллага”-аар өргөмжилж байжээ.