“Монголын инновацийн 7 хоног-2019” арга хэмжээ болж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монголын инновацийн долоо хоног-2019” арга хэмжээ дөрөв дэх өдрөө “ICIED” -2019, “Фронтир Финтек” хакатон арга хэмжээгээр үргэлжилж байна. Уг арга хэмжээний нээлт 2019 оны 5 дугаар сарын 6 ны өдөр  үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлаар эхлэв.

Арга хэмжээг БСШУСЯ, ҮХГ, ШУТИС, СУИС, ХААИС, БХИС, МУИС, АШУҮИС, МУБИС, МҮХАҮТ, Монголын залуу эрдэмтдийн холбоо ТББ, Монголын хамтын оффисын холбоо ТББ зэрэг байгууллагууд “Хамтын инноваци” уриан дор хамтран зохион байгуулж байна.

Монголын инновацийн 7 хоног арга хэмжээний хүрээнд зохион байгуулдаг  “ICIED”-2019 олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр ШУТИС 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн хурлын үйл ажиллагааг  БНХАУ-ын Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их сургуультай хамтран зохион байгуулж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлогтой юм.

 

Хурлын үйл ажиллагаанд гаднаас Япон, Солонгос,Хятад, Кувейт, Тайвань, Монгол их дээд сургуулийн профессор багш, эрдэмтэн, судлаачид өөрсдийн судалгааны чиглэлээр 10 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлж байна.

 

 

Энэхүү Монголын инновацийн 7 хоног-2019 арга хэмжээ зохион байгуулагдсанаар хууль, эрх зүй, төрийн бодлого, төр хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжуудын талаар хэлэлцэх, харилцан туршлага солилцох, ач холбогдолтой.

“Монголын инновацийн 7 хоног”-ын үеэр зохион байгуулагдаж буй ажлууд:

  1. 2019.05.06, Даваа, 10:30-12:00, АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ

Инновацийн 7 хоногийн арга хэмжээний хөтөлбөрийг олон нийтэд танилцуулна. Хэвлэлийн бага хуралд хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл оролцоно.

  1. 2019.05.07, Мягмар, 8:30-14:00, “Хамтын инноваци-2019” хэлэлцүүлэг

БСШУСЯ, Монголын хамтын оффисын холбоо ТББ инновацийн үйл ажиллагаа, хууль, эрх зүй, төрийн бодлого, төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжийн талаар хэлэлцэх хэлэлцүүлгийг Корпорейт-2 зочид буудал /Улаанбаатар танхим/-д зохион байгуулна.

  1. 2019.05:07-08, Мягмар-Лхагва, “Инновацийн үзэсгэлэн-2019”

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын инновацийн үйл ажиллагааны үр дүн, оюуны бүтээл, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна.

  1. 2019.05.08, Лхагва, 10:00-16:00, Залуу судлаачдын “BPA-2019” эрдэм шинжилгээний бага хурал

Гадаад, дотоодын эрдэмтэд, судлаачид, магистр, доктор-оюутнууд судалгааны ажлын үр дүнг танилцуулах, эрдэм судлалын бүтээлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгох бөгөөд залуу судлаачдын шилдэг бүтээлийг шалгаруулж урамшуулах зорилгоор “Монголын залуу эрдэмтдийн холбоо” ТББ ШУТИС-ийн 604 тоотод зохион байгуулна.

  1. 2019.05.08, Лхагва, 08:30-15:00, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2019” Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал

Тус хурлыг СУИС зохион байгуулж, Соёлын бодлого, соёлын бүтээлч үйлдвэрлэл, зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэл, соёл урлагийн байгууллагын менежмент маркетингийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлнэ. МУИС-ийн номын сангийн 502 тоот хурлын танхимд болно.

  1. 2019.05.09, Пүрэв, 09:00-18:00 “ICIED-2019: Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

Мэдлэгийн эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн олон улсын туршлага, Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх боломж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэгч талуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх бөгөөд ирүүлсэн бүтээлүүдэд мэргэжлийн хянан магадлагаа хийж, “Менежмент ба Инноваци” эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлнэ. Хурлыг ШУТИС зохион байгуулна.

  1. 2019.05.09, Пүрэв, 09:00-20:00, “Фронтир Финтек” хакатон

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, ШУТИС хамтран Фронтир Финтек Хакатоныг орчин үеийн дэвшилтэт технологи болох блокчейн технологийг Монгол Улсад нутагшуулах, залуучуудад блокчейн технологийн талаар оролцох хүсэлтэй бүх хүн, нийтэд мэдлэг, туршлага олгох зорилгоор зохион байгуулна.

  1. 2019.05.03-10, Баасан, 09:00-14:00, “Эрдэм” хакатон

Судлаачдын дунд бизнесийн шинэ санаа, шилдэг төсөл шалгаруулах арга хэмжээг зохион байгуулах, түүнийг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх зорилгоор ШУА зохион байгуулна.

  1. 2019.05.11-12, Бямба-Ням, “Соёлын ажлын хаалтын ажиллагаа”

Олон улсын хуралд оролцсон гадаадын төлөөлөгчдөд Монголын соёл, уламжлалыг танилцуулах соёлын ажлыг ШУТИС зохион байгуулна.

  1. 2019.05.13, Даваа, “Инновацийн хөгжил-хамтын ажиллагаа” хаалтын уулзалт

Инновацийн 7 хоногийн хүрээнд зохион байгуулсан үр дүнг нэгтгэж, санал санаачилга ба зөвлөмжийг шийдвэр гаргагчдад хүргэнэ. МУИС хариуцан зохион байгуулах юм.

Маркетинг, олон нийттэй харилцах алба

Эрдэм шинжилгээ, инновацийн газар