Ч.Авдай ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол хүртэв

Монгол Улсын Ардын багш, ШУА-ийн жинхэнэ гишүүн, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Чилхаажавын Авдай Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Хүндэт доктор” цол хүртлээ. Ёслолын ажиллагаа 2013 оны хоёрдугаар сарын нэгний өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Тус ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Т.Батбаяр, проректор Я.Наранцэцэг, Б.Очирбат, Д.Батчулуун болон Эрдмийн зөвлөл, Ректорын зөвлөлийн гишүүд, сургуулийн төлөөлөл иржээ.

 

“Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн ректор Т.Батбаяр үг хэлэн, Эрдэм шинжилгээ, технологийн проректор Б.Очирбат Эрдмийн зөвлөлийн хурлын тогтоол, Ч.Авдайн намтрыг уншиж сонордууллаа. “Ч.Авдай нь 1943 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрж өсчээ. 1951-1961 ондУвс аймгийн Баруунтуруун суманд 10 жилийн дунд сургууль, 1961-1966 онд МУИС, Хөнгөн үйлдвэрийн механикч инженер, 1972-1975 онд ЗХУ-ын Ташкент хотын ХАА-н усжуулалт, механикжуулалтын дээд сургуулийн аспирантур, Техникийн ухааны доктор (Ph.D), 1988-1990 онд ОХУ-ын Ленинградын ойн техникийн академийн докторантур, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) цол хүртсэн байна. Ажил хөдөлмөрийн гараагаа 1966-1972 онд МУИС, ПДС-д багш, 1975-1976 онд МУИС-ийн Политехникийн дээд сургуульд багш, дэд профессор, 1976-1982 онд МУИС-ийн орлогч захирал, Политехникийн дээд сургуулийн захирал, 1982-1992 онд Политехникийн дээд сургууль, Техникийн их сургуулийн захирал, 1992-2000 онд Техникийн их сургуульд тэнхмийн эрхлэгч, профессор 2000-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, ШУТИС-ийн зөвлөх профессор, 2008 оны IX сараас ШУТИС-ийн ректорын зөвлөх, 2010 оны I сараас  ШУТИС-ийн Математикийн сургуулийн Хэрэглээний механикийн профессорын багийн профессор ажиллаж байна” гэв.

 

Үүний дараа Ч.Авдайд “хүндэт доктор”-ын диплом, тэмдэг, өмсгөлийг гардуулан өглөө. “Хүндэт доктор” Ч.Авдай ШУТИС-ийн эрдмийн зөвлөлд хандаж үг хэллээ.

Харин ШУТИС-ийн “Хүндэт доктор” Ч.Авдайд баяр хүргэж ШУТИС-ийн Математикийн сургуулийн тэргүүлэх профессор Г.Чимэд-Очир болон Уул уурхайн инженерийн сургуулийн профессор Б.Лайхансүрэн нар үг хэллээ. “1982 онд ПДС бие даасан дээд сургууль болсон тэр цагаас сургуулийн бүхий л ажлыг ректор Ч.Авдай, проректорууд нараас эхлээд үе үеийн бүх удирдлагууд, ректоратын гишүүд, нам эвлэл, ОНБ-ууд, декан, тэнхимийн эрхлэгчид, багш нартайгаа хамтын оюун ухаан, сэтгэл итгэлээрээ нэгдэн ажилласан он жүлүүдэд манай ажил үйлс, үнэхээр өөдрөг сайхан байж, амжилт бүтээл, алдар хүндэтгэлээр сургуулийнхаа түүхийг бүтээлцсэн нь тодоос тод санагдана. Ч.Авдай багштай олон жил хамтран ажиллах хугацаанд зорьсондоо хүрдэг туйлбартай хөдөлмөрч ажиллагаа, удирдлагын өвөрмөц арга барил, ажил хэрэгч чанар, хувийн зохион байгуулалт энгийн даруу төвшин харилцаа гээд талархан хүндэтгэж явдаг бүхэн олны сэтгэлд шингэсэн учираас хайр хүндэтгэлийн эзэн байж хамт олны бахархал болж явна. Эх орныхоо инженерийн их сургуулийн хагас зууны түүхийг бүтээж яваа эрдмийн хамт олон тань, Ардын багш, акад. Ч.Авдай Тандаа төрөлх сургуулийнхаа “Хүндэт доктор” цол хүртсэнд, эрдэмтэн багш нар, оюутнуудынхаа өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж байна” хэмээв.


ЗХШҮГ