Олон улсын Реле хамгаалалт автоматикийн олимпиадад амжилттай оролцсон ЭХС-ийн оюутнуудад шагнал гардуулав
admin

ОХУ-ын Новосибирскийн техникийн улсын их сургууль (НГТУ-НЭТИ)-ийн зохион байгуулсан “Эрчим хүчний системийн реле хамгаалалт, автоматик”-ийн олон улсын интернет олимпиад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа. Олимпиадад реле хамгаалалт автоматжуулалтын мэргэжлийн инженер бэлтгэдэг 26 их, дээд сургуулийн 9 багийн 103 оюутан оролцож мэдлэг, ур чадвараа сорилоо.

Эцсийн дүн гарахад багийн дүнгээр I байрыг Новосибирскийн техникийн улсын их сургууль (НГТУ-НЭТИ)-ийн баг (ОХУ), II байрыг Ивановын техникийн улсын их сургууль (ИГЭУ им. В.И.Ленина)-ийн баг (ОХУ), III байрыг Монгол Улсын ШУТИС-ийн баг эзлэв.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус олимпиадад ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан техникийн салбарын “Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжил”-ийн ангийн оюутнууд 2019 онд анх удаа урилгаар оролцож  IV байр эзэлж байсан бол энэ удаагийн олимпиадад амжилтаа ахиулж багийн нийлбэр дүнгээр III байр эзэлсэн юм.

Олимпиадад Л.Номин (ЦСА-3), Ц.Төмөрбаатар (ЦСА-3), Б.Өсөхбаяр (ЦСА-3), Т.Гантуяа (ЦСА-4), Н.Хурбаяр (ЦСА-4), О.Мөнхжин (ЦСА-4) гэсэн 6 оюутны бүрэлдэхүүнтэй баг оролцож “ШИЛДЭГ БОДОЛТ”-ын шагналыг Л.Номин (ЦСА-3), Т.Гантуяа (ЦСА-4) нар хүртлээ.

Олимпиадын комиссоос ШУТИС-ийн багт III байрын диплом, шилдэг бодолтын батламж, багийн гишүүн бүрд батламж ирүүлснийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар ШУТИС-ийн захирал Б.Очирбат гардуулж баяр хүргэлээ.

 

Мөн зохион байгуулагч Новосибирскийн техникийн улсын их сургууль (НГТУ-НЭТИ)-ийн ректороос ШУТИС-ийн захирал Б.Очирбатад талархалын захидал ирүүлснийг ЭХС-ийн захирал Б.Бат-Эрдэнэ гардуулж өглөө.

Энэхүү ОУ-ын олимпиадын оролцооны өндөр үзүүлэлт нь ЦСА мэргэжлийн хөтөлбөрийн сургалтын чанар, лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт, багш, оюутнуудын ур чадварыг илтгэн харуулж байна.

Олимпиадад оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, эзэмшсэн мэргэжлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг инженерүүд болохыг ерөөе.

Оюутнуудаа амжилттай сайн бэлтгэж оролцуулсан ЭХС-ийн ЦТС-ын багш нартаа болон хамтран ажиллагч байгууллагууд болох “Монхорус” ХХК, “RP&A” ХХК, ивээн тэтгэгч байгууллага “Биндэгноров” ХХК, “РЗА” ХХК-ийн удирдлага хамт олонд талархал илэрхийлье.

ШУТИС, ЭХС, Цахилгаан техникийн салбар