ХШУС-ийн Ахисан түвшний сургалт, судалгааны лабораторуудын нээлт

ШУТИС-ийн ХШУС-ийн Ахисан түвшний сургалт, судалгааны 4 лабораторийн нээлтийн үйл ажиллагаа 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цагаас ШУТИС-иийн Т байранд боллоо.

Тус арга хэмжээнд ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал, доктор Д.Мягмарсүрэн, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга, доктор Ж.Арслан, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга, доктор Д.Гэрэлт-Од, Гадаад  хэлний сургуулийн захирал, доктор Ц.Энхбаатар, “Инженер Технологийн Дээд Боловсрол” төслийн багийн хамт олон, ХШУС болон бусад бүрэлдэхүүн сургуулиудын профессор багш нар оролцлоо.

1. Материалын гадаргуугийн лаборатори

Хэт өндөр вакуумын болон агаарын орчинд материалын гадаргуугийн бүтцийг атомын түвшинд хүртэл судалж тодорхойлох ба гадаргуу дээр хэдэн зуугаас нэг атомын үе хүртэл атомын нимгэн үе үүсгэн судлах зэрэг маш өндөр түвшний судалгаануудыг гүйцэтгэх боломжтой.

Тус лабораторийг Чонбукийн Үндэсний Их Сургуулийн Физикийн тэнхимийн профессор Jae M. Seo-ийн хандиваар байгуулав.

2.Багажит шинжилгээний лаборатори

Тус лаборатори нь “Инженер Технологийн Дээд Боловсрол” төслийн санхүүжилтээр сургалт, судалгааны 15 нэр төрлийн 42 ширхэг орчин үеийн, багаж төхөөрөмжүүд  нийлүүлэгдсэн болно. Элементийн шинжилгээ хийх зориулалттай ICP-OES, спектрофотометр, хатуу материалын хувийн гадаргуу, сүвэрхэг шинж чанарыг тодорхойлох Mercury-Porosimeter, өндөр температурын шатаах зуухнууд, дээжийн ЦХХ болон потенциалыг  хэмжих Electrochemical Work Station, шингэний хроматографийн багаж зэрэг өндөр түвшний судалгааны багаж төхөөрөмжүүд энд суурилагджээ. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг бакалавр, магистр, докторын түвшний  сургалт болон профессор багш нарын судалгааны ажилд ашиглаж эхлээд байна.

3.Шатах, ашигт малтмалын боловсруулалтын лаборатори

Шатах, ашигт малтмалын боловсруулалтын лаборатори нь Азийн хөгжлийн банкны судалгааны төсөл, Монгол-Хятадын хамтарсан төслийн санхүүжилтээр ахисан түвшний сургалт, судалгаа болон захиалгат, гэрээт ажлуудыг хийх зориулалтаар байгуулагдсан. Тус лабораторийг ашиглан нүүрс, газрын тос, байгалийн хий боловсруулах үйлдвэрийн технологи, процессын загварчлал, бүтээгдэхүүний стандарт шинж чанарын үзүүлэлтүүд, үнсний хими технологийн боловсруулалт, катализаторын синтез зэрэг судалгаа хийх боломжтой юм.

4.Ахисан түвшний судалгааны лаборатори

Тус лабораторид химийн инженерчлэлийн чиглэлээр ахисан түвшний сургалт, судалгааны ажлууд хийгдэж эхлээд байна. Энэ лабораторийг ашиглан зэсийн хүдэр, төмрийн хүдэр, графины судалгаа зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Ахисан түвшний сургалт, судалгааны лабораториудыг байгуулж, хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлсэн ШУТИС-ийн захиргаа, “Инженер Технологийн Дээд Боловсрол” төслийн багийн хамт олон болон ХШУС-ийн профессор, багш нартаа гүн талархал илэрхийлье!

 

ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль

2021-11-24