ШУТИС-ийн “SCIENCE 94.1” богино долгионы радиогийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

ШУТИС-ийн “SCIENCE 94.1” фм радио өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр үйл ажиллагаагаа эхэллээ. Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй тус радио нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 15 дахь фм радио болж байна.

“SCIENCE 94.1” богино долгионы радио нь оюутан залуучуудад орчин үеийн шинжлэх ухаан, технологийн шинэ хандлага, ололт  амжилтыг сурталчлан таниулах, бие биеэ хүндэтгэх, эх орон, эх дэлхий, эцэг эхээ хайрлах ухамсрыг төлөвшүүлэх, залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Мөн тус радио нь  ШУТИС-ийн профессор багш нарын сургалт, судалгааны ажлын үр дүн, боловсролын салбарын шинэ мэдээ, мэдээллийг  сонсогчдын сонорт хүргэх юм.

Шинээр үүд хаалгаа нээж буй радиогийн баг хамт олон “Сайн уу ШУТИС”, “Нэрийн хуудас”, “Tenure профессор”, “ШУТИС-ийн sharks” ярилцлагын нэвтрүүлгүүд, “Амжилтын түүх” зохиомжит нэвтрүүлэг, “Мэдлэгийн сан” булан, Гадаад хэлний сургуулийн Англи хэлний тэнхимийн профессор, багш нартай хамтран “Time of MUST”  гадаад хэлний радиогийн цуврал хичээл, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны салбарын профессор, багш нартай хамтран “Хандлагын хүч” нэвтрүүлэг, ШУТИС-ийн Залуучуудын хөгжлийг дэмжих холбоотой хамтран “Их хотын иргэн” нэвтрүүлэг, ШУТТНС-гийн хамт олонтой хамтран “Номын ертөнцөөр” нэвтрүүлгүүдийг дамжуулахаар бэлтгээд байна. 

ШУТИС-ийн “SCIENCE 94.1” фм радиогийн 10 дугаар сарын 1-ний өдрийн “Нэрийн хуудас” нэвтрүүлгийн анхны зочноор МХТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Х.Загарзүсэм, “Сайн уу ШУТИС” нэвтрүүлгийн анхны зочноор   ЭМСТ-ийн захирал, их эмч Ц.Ононтуул нар оролцлоо. 

Тус радиогийн нэвтрүүлгүүд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагуудад шууд дамжуулагдаж, мягмар, лхагва гарагуудад давталтын дугаараа сонсогчдодоо хүргэх болно.

Эрхэм профессор, багш, оюутан, суралцагч Та бүхнийг ШУТИС-ийн “SCIENCE 94.1” фм радиотой хамтран ажиллахыг урьж байна.

Маркетинг, олон нийттэй харилцах алба