‘‘Гүний уурхайн блоклон олборлох технологи, арга туршлага’’ сэдэвт олон улсын цахим симпозиум зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль /ШУТИС/-иас ‘‘Гүний уурхайн блоклон олборлох технологи, арга туршлага’’ сэдэвт олон улсын цахим симпозиумыг 2021 оны 8 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд  зохион байгуулж байна.

Өнөөдөр дэлхийд 20 хүрэхгүй гүний уурхайд блоклон нураах технологи ашиглаж байгаа бөгөөд тэдний төлөөлөл болгож Чили улс дахь Коделкогийн Эл Тэниентэ зэсийн уурхай, АНУ-ын Колорадо муж дахь Фрийпорт компанийн Хендерсон молибдены уурхай, Өмнөд Африк дахь Петро Даймондс компанийн (өмнө нь Дэ Бийрс Даймондс Майнз эзэмшиж байсан) очир-эрдэнийн Калинан уурхайн мэргэжилтнүүд тус олон улсын цахим симпозиумд илтгэл тавьж, өөрсдийн туршлагаа хуваалцаж байна. Мөн ШУТИС-ийн эрдэмтэн судлаач нар илтгэл тавьж, Рио Тинто болон Оюу толгой компанийн төлөөлөл Оюу толгойн гүний уурхайн блоклон олборлох технологийн талаар танилцуулга хийлээ.

ШУТИС нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энтрепренер их сургууль болох зорилгын хүрээнд геотехникийн судалгааны төв болохоор зорьж байгаа. Энэ хүрээнд Рио Тинто групп, Оюу толгойн дэмжлэгтэйгээр хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд энэхүү олон улсын симпозиумыг Рио Тинто Монгол ХХК-иас дэмжин оролцож байна.

Симпозиумын нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ШУТИС-ийн ректор, доктор профессор Б.Очирбат, Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болд нар үг хэллээ.

Олон улсын таваарын зах зээлд зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр олборлоход харьцангуй хялбар зэсийн ордууд цөөрч, газрын гүнд орших илүү нарийн төвөгтэй ордыг уурхай болгон хөгжүүлэх шаардлага дэлхий даяар бий болоод байна. Ил уурхайн аргаар олборлох боломжтой орд улам шавхагдахтай зэрэгцэн блоклон олборлох аргыг сонирхох нь элбэг болж байна.

Гүний уурхайн блоклон олборлох арга нь дэлхийд уул уурхайн салбарт хөгжиж буй шинэ тутам арга технологид тооцогддог бөгөөд тоотой хэдэн уурхайд л энэ аргыг ашиглаж байгаа юм. Блоклон олборлох арга нь гүний уурхайн бусад аргыг бодвол бүтээн байгуулалт хийгдсэний дараа зардал багатай, бүтээмж өндөртэй байдгаараа давуу талтай тул Оюу толгойн бүлэг орд шиг газрын гүнд, аварга том хэмжээтэй, харьцангуй бага, дунд металлын агуулгатай хүдрийн биетийг олборлоход тохиромжтой юм.

‘‘Гүний уурхайн блоклон олборлох технологи, арга туршлага’’ цахим симпозиум нь гүний уурхайн талаарх гүнзгий мэдлэг олж авах, Монгол инженерүүд олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцож, олж авсан мэдлэг, туршлагаа улсынхаа уул уурхайн салбарт түгээж, бусад уул уурхайн төслийг илүү хялбар, илүү өртөг багатай хөгжүүлэх гарц боломжийг нээж өгөх ач холбогдолтой юм.

 

Маркетинг, олон нийттэй харилцах алба