ШУТИС-ийн тав дахь Ардын багш Ш. Лувсандорж

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар  2021-6-24-ны өдөр БуХС-ын Хүмүүнлэгийн салбарын ахмад багш Ш. Лувсандорж төрийн дээд шагнал Монголын улсын Ардын багш цолыг хүртлээ. Тэрээр БуХС-ийн анхны, ШУТИС-ийн тавдахь Ардын багш болов.

Бидний хайртай Лу багш маань 1956 онд их сургуулийг МУИС-ийн түүхийн ангийн 150, МУИС-ийн 1006 дахь төгсөгчөөр төгсөөд Ардын Гэгээрлийн яамны томилолтоор Дундговь  аймгийн төвийн 10 жилийн сургуульд түүхийн багшаар томилогдон очиж 7 жил ажиллажээ.  Лувсандорж багш маань 1963 онд Улаанбаатар хотноо шилжин ирээд нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт намын хороонд Соёл хариуцсан зааварлагч, Марксизм Ленинизмийн оройн их сургуулийн хичээлийн эрхлэгч, 1970 оны наймдугаар сараас МАХН-ын НТХ-ны дэргэдэх Намын дээд сургуулийн Намын түүхийн тэнхимд багш, 1979 оны намраас МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын МАХН-ын түүхийн тэнхимд ахлах багшаар ажилласан.  1982 оны 10 сард МУИС-иас Политехникийн дээд сургууль салан бие даасан сургууль болоход өөрийн хүсэлтээр (МУИС-ийн түүхийн багш нар хэн нь явах талаар ярилцаж, маргах үед) тус сургуулийн Ректоратын дэргэдэх намын түүхийн тэнхимд ахлах багшаар ирээд МАХН, Монголын түүхийн хичээлийг 39 жил тасралтгүй зааж, үр бүтээлтэй ажиллажээ. Ийнхүү Лувсандорж багш маань Монгол улсад 65 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн нэгэн юм.

Ардын багш Ш.Лувсандорж говийн хүний шилдэг төрхийг илтгэсэн  аядуу тайван, даруу төлөв ч, хошин шогийн торгон мэдрэмжтэй, оновчтой цөөн үгээр залуу үеийг үлгэрлэн залдаг, хичээлээ сайхан заадаг, сайн сурган хүмүүжүүлэгч бөгөөд социализмын үед хөдөөгийн малчны хотноос сэхээтний эгнээнд шилжсэн мянга, мянган боловсон хүчний шилдэг төлөөллийн нэг билээ.  Багш маань Хүмүүнлэгийн салбар, профессорын багийн ахлагчаар ажиллахдаа  бардамнан сагсуурч, хийсэн бүтээснээ гайхуулж, залуус биднийг зандран загнаж, албан тушаал, насаараа түрий барин ажлаас хойш сууж байхыг нь хамт олон бид нэг ч харсангүй. Сурах бичиг хамтаар бичих бол хамгийн их, хэцүүг нь өөрөө бичиж, хянан товхинуулахдаа залхуурахгүй уншиж, гаргацтай сайхнаар залруулгыг нямбай тэмдэглэж өгнө. Хамт олонд баяр наадам, өвчин зовлон тохиолдоход нэн тэргүүнд, чамгүй мөнгийг өөрөө гарган биднийг уриална.  Тэрээр 39 жил ШУТИС-д ажиллахдаа түүх, төдийгүй нийгмийн ухааны салбарын олон арван залуу боловсон хүчнийг бэлтгэхэд гар бие оролцож, манлайлан түүчээлснээр залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх үүргээ гялалзтал биелүүлжээ.

Ш.Лувсандорж “ШУТИС-т хүрсэн 40 жилийн түүхэн замнал” 1999, “ШУТИС-ийн 50 жилийн түүхэн замнал” 2009, “Чингис хааны өрлөгүүд” 2009, “Фашизм, милитаризмын эсрэг тэмцлийн жилүүд дэх нам, төрийн бодлого: түүний хэрэгжилт” 2011, “Сайн оюут Очир миний 80 жилийн цадиг” дурсамж 2014, “Дорноговь аймгийн Мандах сумын хураангуй түүх” 2017, “Монголын түүхийн сурах бичиг” 2004, 2006 онд 2 ботийг эрхлэн гаргуулж, 2019 онд хэвлэгдсэн “Монголын түүхийн сурах бичиг” 2 ботийг бичиж хэвлүүлэхэд идэвхтэй оролцсон.  Ш.Лувсандорж 11 нэг сэдэвт бүтээл, 9 сурах бичиг, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллэг 72-ыг бичиж, нийгэм, хүмүүнлэгийн 7 багшийн докторын диссертацийн албан ба албан бус зөвлөх, редактораар ажилласан.

Ахмад багш Ш. Лувсандорж ШУТИС-ийн эрдэмтдийн шилдэг бүтээлүүдийг хэвлэдэг “Манай эрдэмтэд” цувралын 81-р дугаарт 65 жилийн эрдмийн бүтээлээс шилэн сонгож, эмхэтгэн хэвлүүлсэн нь олны талархлыг хүлээсэн ажил боллоо. 

Монгол улсын Ардын багш, бидний хайртай Лу багшдаа эрүүл энх байж, бүтээлийн хур нь арвин байхын өлзийт ерөөлийг дэвшүүлье.

Н. Галиймаа