“MUST Start-Up” тэмцээнд “ЛегоРобо” баг түрүүлэв

Оюутны гарааны бизнесийн шинэ санаа, технологийн шилдэг шийдэл шалгаруулах “MUST Start-Up” уралдааны сүүлийн шат 5 дугаар сарын 20-ны өдөр болж өнгөрлөө. Сүүлийн шатанд 13 баг өөрсдийн дэвшүүлж буй санаа, технологийн шийдлээ танилцуулж, инноваци, гарааны компанийн экосистемийг Монгол улсад хөгжүүлж буй туршлагатай шүүгчдийн өмнө найраа (pitch) хийснээс ЛегоРобо, Darkhan IoT, Pelos багууд шилдэгээр шалгарлаа.

Тус арга хэмжээ нь жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Монголын инновацийн 7 хоног”-ийн хүрээнд явагдсан бөгөөд  ШУТИС-ийн Технологи дамжуулах төвөөс санаачлан Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтран Боловсрол, шинжлэх ухааны яамны Инноваци, технологийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа. 

  

“MUST Start-Up” уралдаан гарааны бизнесийн олон улсад зохион байгууллагддаг аргачлалаар дараахи үе шаттай явагдлаа.

  • Эхний шатны шалгаруулалт (шигшилт) – 5 сарын 6
  • Энтрепренершип хөтөлбөр (Mentor day) -  5 сарын 8-15
  • Сүүлийн шатны шалгаруулалт (Pitch day) -  5 сарын 20

  

Эхний шатанд нийт 41 баг шинэ санаа, технологи танилцуулж оролцсоноос 15 баг шалгарч энтрепренершип хөтөлбөрт хамрагдан сүүлийн шатанд ийнхүү 13 баг  (Pitch day)-д оролцов.

 Энтрепрнершип хөтөлбөрийг ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын сургуулийн профессор Я.Оюунтунгалаг ахлан ажиллаж доктор Т.Сүмжидмаа, М.Бурмаа, Ц.Энхтуул, МУИС-ийн Бизнес консалтинг төвийн сургагч багш Н.Батсүх нарын багаас бүрдсэн туршлагатай сургагч багш нар хариуцан хэрэгжүүлэв.

Хөтөлбөр 5 сарын 8-наас 15-ны өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд багуудад шинэ санаа, технологио загварчлах сэтгэлгээний зүгээс (design thinking) авч үзэх, санаагаа бизнес загварт (business canvas) оруулах, хэрэглэгчээ баталгаажуулах, бүтээгдэхүн үйлчилгээний үнэ цэнээ тодорхойлох нь  зэрэг агуулгын хүрээнд олон улсад гарааны компанийн санааг бойжуулдаг аргачлалаар явагдлаа. Мөн түүнчлэн энтрепренершип хөтөлбөрийн хүрээнд туршлагатай зочин энтрепрернерүүдийн урьж оролцууллаа.

    

Сүүлийн шатны (Demo day) үйл ажиллагааг Zoom флатформ ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулсан олон нийтийн сүлжээнд нээлттэй байдлаар шууд дамжууллаа. Сүүлийн шатны арга хэмжээг нээж Боловсрол шинжлэх ухааны Инноваци техноллгийн газрын дарга доктор Д.Одгэрэл нийт оюутан судлаачдад амжилт хүсэж дараа дараагийн арга хэмжээнүүдэд мөн идэвхи санаачлагатай оролцохыг уриалав.

Сүүлийн шат SukiDo Z, Сивиллицкий –АэрЛети, Electron boys, Залуу инженерүүд,  Мехатроник, ЛегоРобо, Easy Device, Pelos, Darkhan IoT, Solar trailer, МСМ-17, Uncage,  AIA  гэсэн 13 багийн дунд болж багууд 5 минутанд санаагаа танилцуулж, шүүгчдийн асуултанд хариулах хэлбэрээр явагдав. Шүгчдийн бүрэлдэхүүний ахлагчаар ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтьын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан ажилласан ба бүрэлдэхүүнд Сократус старт-ап студио ХХК-ийн захирал А.Мөнхцог, Старт компанийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Пүрэвсүрэн, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын Инноваци, үйлдвэрлэлийн хэлтэсийн дарга Б.Урьболд, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн салбарын эрхлэгч доктор Б.Оюунтунгалаг нар ажиллалаа.

Шүүгчдийн баг дараахи шалгуурын хүрээнд оноо өгч нийт шүүгчдийн дундаж онооны үзүүлэлтээр шилдэг багуудыг шалгарууллаа.

  • Дэвшүүлж буй санаа нь шинэлэг бөгөөд инновацийн шийдэл агуулсан эсэх  (Үйл ажиллагааг сайжруулсан, үйл явц, хэрэглээг хялбарчилсан)
  • Санал болгож буй бизнесийн санаа   хангалттай хэмжээний зах зээлтэй эсэх, зах зээлийн багтаамж
  • Бизнес загвар /хэрэгжих  боломжтой байдал/
  • Цаашид бизнесийн санаа нь өсөж, хөгжих байдал
  • Илтгэл  (Санааг илэрхийлэх чадвар,баг үндсэн санаан дээрх хэрхэн нэгдсэн, бизнесийн санааг бүрэн илэрхийлсэн илэрхийлэмж, хугацаа)

Шүүгчдийн багийн шийдвэрээр  “MUST Start-Up” тэмцээний шилдэгээр шалгарсан багууд:

  • Тэргүүн байр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах, хөгжих боломжоор хангах Робот зохион бүтээх санаа, технологийн шийдэл танилцуулсан ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулиас оролцсон “ЛегоРобо” баг шалгарч 5 сая төгрөгийн судалгаа, хөгжүүлэлтийн грантын эзэд боллоо.

  • Хоёрдугаар байр

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулиас оролцсон “Darkhan IoT tracker” баг хоёрдугаар байранд шалгарав. Тэд IoT буюу зүйлсийн интернетийн технологи ашиглан аливаа зүйлсийн байршил тогтоох түүнийгээ нийгэмд хэрэглэж болох бүх л талбарт ашиглахаар ажиллаж байна. Тэд 3 сая төгрөгийн судалгаа, хөгжүүлэлтийн грант хүртлээ.

  • Гуравдугаар байр

Ахисан түвшний судлаач оюутны баг гуравдугаар байранд шалгарч 2 сая төгрөгийн судалгаа, хөгжүүлэлтийн грантын эзэд болов. ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн “Pelos” баг нь шавар эмчилгээний усан хандын бэлдмэл гарган авах оюуны өмчөөр баталгаажсан технологио хөгжүүлэх юм.

 

  • Тусгай байр (IV)

“MUST Start-Up” тэмцээний тусгай байранд “Сивиллицкий –Аэрлити” баг шалгарч 600,000 төгрөгийн судалгаа, хөгжүүлэлтийн грант хүртэхээр болов. ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн нисэх техникийн механикийн ангийн оюутнуудын багаас бүрдсэн тэд бага оврын нисэх техник зохион бүтээж түүнийгээ хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна.

  • Тусгай байр (V)

УТИС-ийн Эрчим хүчний сургуулиас оролцсон AIA буюу Artificial Intelligent & Automation баг тусгай байранд шалгарч 400,000 төгрөгийн судалгаа, хөгжүүлэлтийн грант хүртэхээр боллоо. AIA баг нь эрүүл мэндийн Pharmed киоск төхөөрөмж зохион бүтээж хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

Ийнхүү “MUST Start-Up” уралдаан амжилттай зохион байгуулагдаж ШУТИС-ийн Технологи дамжуулах төвөөс шилдэгээр шалгарсан болон нийт оролцсон багуудтайгаа хамтран ажиллаж эхэллээ.

ШУТИС-ийн Технологи дамжуулах төв

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль