ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клубийн “Хөгжилд бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2020-2021 оны хаврын улирлын арга хэмжээний хүрээнд “Хөгжилд бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг ШУТИС “Түншлэлийн жил”-ийг дэмжин оюутан залуусын хөгжилд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Мон Тай Сино Групп ХХК болон ORCHUULGA.MN-ыг үүсгэн байгуулагч, Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, докторант Ганхуягийн Аабатыг зочин илтгэгчээр урин google meet платформоор 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. 

            Клубийн зөвлөх Ц.Эрдэнэзаяа багш маань энэ улирлын үйл ажиллагаа төлөвлөгөөгөө танилцуулан зочин илтгэгчээ хэлэлцүүлэгтээ урьж эхлүүлэв. Зочин илтгэгч байгууллагаа товч танилцуулж, “Хөгжил бидний оролцоо” юунаас эхлэх, юунд анхаарах хийгээд аз жаргалтай нийгэм байгуулахад бидний оролцоо чухлыг онцлоод хувь хүн өөрөө хөгжил болох талаар үзэл бодлоо хуваалцлаа. 

Хэлэлцүүлэгт оролцогч оюутан залуус зочин илтгэгч, зөвлөх багшаас юунаас мотиваци авч өөрийгөө олж өөрийгөө хөгжүүлсэн туршлага, бидний үнэт зүйл юу болох, соёл сэтгэлгээний хувьд ялгарах онцлог, эх хэлний дархлаа гэж юуг хэлэх, хувь хүний хөгжил эргээд аз жаргалтай нийгмийг хэрхэн бүтээж болох гээд сонирхсон олон асуултдаа хариултаа олсон үр дүнтэй хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.  

Тэр хэмжээгээрээ суралцагчаас дуртай зүйлээ сонгож, зорилго болгож, хүч хөдөлмөрөө бүрэн дайчилж, туршлагаа хуваалцаж, өөрийгөө хийгээд өрөөлийг хүлээн зөвшөөрч хариуцлага, зорилгоо ухамсарласан бүтээлч байх зэрэг хувийн зохион байгуулалт, хичээл зүтгэл, сахилга бат ихээхэн шаарддаг талаар оюутан залууст ухаарлыг төрүүлсэн тэднийг бүтээлчээр хөгжилд оролцоотой байх сэдэл тэмүүлэл өгсөнд клубийн хамт олны зүгээс чин сэтгэлээс талархалтай байна.

Уг хэлэлцүүлэгт сайн дурын “Хятад хэлний клуб”-ийн үе үеийн төгсөгч, суралцагч нар ГХС-ийн Техник технологийн орчуулга, ЭХС-ийн цахилгаан хангамж, дулаан хангамж, сэргээгдэх эрчим хүч, биоинженерчлэл, ГУУС-ийн Геодизи, ХШУС-ийн химийн инженерчлэл, үйлдвэрийн экологи, математик статистик 2+2 хамтарсан хөтөлбөрийн нийт 50 гаруй оюутан залуус оролцлоо.

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг эрдэмтэн багш, оюутан залуус, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

 

МЭДДЭГ ЗҮЙЛС ИХСЭХ ТУСАМ МЭДЭХГҮЙ ЗҮЙЛС ИХЭСНЭ

ШУТИС сайн дурын Хятад хэлний клуб 2021-03-13