Сургалт, судалгаа, үйлдвэрлэл, инновацийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана

Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь хамтын ажиллагаа, түншлэлийг дотооддоо хөгжүүлэх, нийгэм эдийн засагт бодит үр өгөөжөө өгөх инноваци, үйлдвэрлэл үйлчилгээг бий болгоход онцгойлон анхаарч бодлогын бичиг баримтууддаа тусган ажиллаж байна. Хамтын ажиллагаа, түншлэлийн шинэ загвар, хэлбэрүүдийг нэвтрүүлж, туршин хэрэгжүүлэх ажлын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаатай байсан  Монгол Улсын Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран  гуравласан гэрээ байгуулж, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх Хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн төлөөллийг оролцуулан 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдөр гурван байгууллагын удирдлагуудын хамтарсан тушаалаар баталсан юм.    

“Сургалт, судалгаа, үйлдвэрлэл, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түншлэлийг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Эрдэнэт үйллвэр ТӨҮГ”-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр баталлаа.

Хөтөлбөрийн зорилго нь ШУА, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-ийн хооронд сургалт судалгаа үйлдвэрлэл, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж дунд болон урт хугацааны стратегийн төлөвлөлт, түншлэлийг хөгжүүлэх явдал юм. Энэхүү хөтөлбөр нь хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд таван жилийн хугацаанд үргэлжилнэ.

Гурван байгууллагын  ажлын хэсгийн гаргасан  төлөвлөгөөнд дараах  зургаан багц ажил тусгагджээ. Үүнд:

1.   Хүний нөөцийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийх, шинэ мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах;

2.  Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах бодлогын хүрээнд геологи, уул уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн технологи, инновацын судалгаа хөгжүүлэлт;

3.  Химийн үйлдвэрлэл-байгаль экологид ээлтэй хаягдлын аж ахуйд чиглэсэн судалгаа хөгжүүлэлт;

4.    Эрчим хүчний ханган нийлүүлэлт, хэмнэлтийн судалгаа хөгжүүлэлт;

5. Дижитал технологид тулгуурласан их өгөгдөл, мэдээллийн системийн менежментийг боловсронгуй болгох судалгаа хөгжүүлэлт;

6.   Нийгмийн хариуцлагын хүрээнд монгол хүний сэтгэлгээний онцлог, төлөвшил, соёлын суурь судалгаа, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын соёлын судалгаа, хүний нөөцийн менежментийн судалгаа хөгжүүлэлт

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд жил бүр нарийвчилсан төлөвлөгөө гарган талууд хамтран баталж, тухайн судалгаа, үйл ажиллагааны чиглэл бүрээр мэргэшсэн профессор багш, судлаач, инженер техникийн мэргэжилтнүүдийн хамтын оролцоог бий болгон ажиллах юм.