“Монгол инженер 2020” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

Жил бүр уламжлал болон явагддаг “Монгол инженер 2020” арга хэмжээ 2020 оны 12-р сарын 24, 25-ны өдрүүдэд ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль Төмөр Замын Дээд Сургуультай хамтран цахим хэлбэрээр (Zoom Meeting) амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд нийт 94 өгүүлэл ирсэнээс техник технологи, инженерийн боловсрол гэсэн хоёр үндсэн чиглэлээр зохион байгуулагдаж робот хөгжүүлэлт, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зохион бүтээлт, хиймэл оюун ухаан, биомеханик, дижитал технологи, тээвэр-логистик, дижитал үйлдвэрлэл, сургалтын шинэ арга технологи зэрэг олон салбарыг хамарсан бүтээлүүд байлаа.

Нийт бүтээлүүдээс техник технологиийн салбарт шилдэг 16 өгүүлэл, Инженерийн боловсрол чиглэлд шилдэг 13 өгүүллийг шалгаруулан  zoom meeting платформоор нээлттэй хэлэлцүүлж,  харин үлдсэн илтгэлүүдийг ханан илтгэл хэлбэрээр www.mongol-engineer.mn сайтад байршуулав. Мөн уг хурлыг онлайн орчинд фэйсбүүк болон монгол инженер цахим хуудсаар шууд дамжуулан илтгэгчээс асуулт асуух, хариулах зэргийг нээлттэй байдлаар зохион байгуулж ханан илтгэлийн шилдэгүүдийг интернэт орчин дахь сонирхогчдын саналын тоог харгалзан шалгаруулав.

Амаар хэлэлцүүлсэн илтгэлүүдээс:

Техник, технологи төрөлд:

I байр: Д.Ганбат, Т.Ганбат “Түнхний хиймэл үе суулгасны дараа ясны нягтын өөрчлөлтийг тоон аргаар загварчлах нь” илтгэл, ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төв, ШУТИС-ийн МехТС;

II байр: Э.Пүрэвдалай, Д.Амартүвшин “Нам температурын халуун ус үйлдвэрлэх нарны дулааны хавтгай коллекторын туршилт, судалгаа”, МУИС, ТЗДС;

III байр: Т.Мөнхбат, Ц.Хосбаяр, Х.Батбаяр “Хүндийн өргөлтийн тамирчдын хөдөлгөөний кинематик шинжилгээ” ШУТИС-ийн МехТС;

Инженерийн боловсрол төрөлд:

I байр: А.Түвшинбаяр “Виртуал лабораторийн бүтээж инженерийн сургалтад туршсан үр дүнгийн судалгаа” илтгэл, ШУТИС-ийн МХТС;

II байр: О.Дэмбэрэлсүрэн “Инженерийн боловсролын хөтөлбөрт аюулгүй байдлын менежментийн хичээлийг оруулах орчин үеийн шаардлага” илтгэл, УБТЗ-ын Вагоны аж ахуйн алба;

Шилдэг ханын илтгэл төрөлд:

I байр: Б.Ганзориг “Робот системийн удирдлагад хиймэл оюун ухаан ашиглах судалгаа”, Арабын Нэгдсэн Эмиратын Их Сургууль;

II байр: Л.Мөнхтуяа, Ш.Бямбаа “Уулзварын нэвтрүүлэх чадварыг sidra программаар оновчилсон үр дүн”, ШУТИС-ийн БАС, ШУТИС-ийн МехТС тус тус шалгарав.

 

 

Энэ жилийн арга хэмжээнд ШУТИС-ийн МехТС, МХТС, БАС, ҮТС, ХШУС, НБТ, Хөнгөн  үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, МехТС-ийн Металын сорилт туршилт,  эрдэм шинжилгээний төв, МУИС-ийн ХШУС, ҮБХИС-ийн Дотоод Хэргийн Их  Сургууль, ТЗДС, ХААИС, ТТДС, ӨМӨЗО-ны ХААИС, Арабын Нэгдсэн Эмиратын Их Сургууль зэрэг  их дээд сургуулиуд, мөн УБТЗ-ын Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Вагоны аж ахуйн алба, Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын Нислэгийн журам боловсруулалтын албаны судлаачид салбарын тулгамдаж буй асуудал, шийдэл агуулсан судалгааны сонирхолтой үд дүнгээ танилцуулав.

Уг хуралд аман болон ханан хэлбэрээр хэлэлцэгдсэн нийт өгүүллийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бичгийн тусгай дугаараар эмхэтгэл болгон хэвлүүлэх юм.

Хамтран зохион байгуулсан ТЗДС болон оролцсон бүх профессор багш, салбар салбарын судлаачиддаа цаашдын ажил хөдөлмөр, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн шинэ оны мэндийг хамтатган баяр хүргэе !

 

МехТС-ийн Эрдэм шинжилгээний алба