Гадаад хэлний сургуулийн оюутнууд Япон улсад цалинтай дадлагажигч оюутан хөтөлбөрт хамрагдав

Гадаад хэлний сургуулийн “Техник, технологийн орчуулга” хөтөлбөрийн япон хэлний  ангийн оюутан Г.Ган-Эрдэнэ, Э.Түвшинбаяр, У.Бишрэлт, Г.Энхбадрал нар ШУТИС болон Япон улсын Санояа ХК, World Business partners ХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Лейборфорс ХХК-ийн зуучлалаар “Дадлагажигч оюутан” хөтөлбөрт хамрагдан Японы Кёото хотод 1 жилийн хугацаагаар ажиллаад ирлээ. Дадлагын хугацаанд оюутнууд Кёото хотын Санояа зочид буудалд цалинтай ажил хийхээс гадна хэлний мэдлэгээ дээшлүүлж, Японы түүх ёс заншил, ахуй амьдралтай танилцаж дадлага, сургалтаа амжилттай дуусгасан сертификатаа гардан авсан байна.

 

Олон зуун жилийн түүхтэй, Япон улсын эртний уламжлалт хэв маягийг агуулсан Кёото хот нь Японы соёл урлаг, боловсрол, технологийн томоохон төвүүдийн нэг. Хотын  төвд байрлах Санояа зочид буудал  нь  нэр хүнд сайтай байгууллага юм.

 

Оюутны сэтгэгдэл:

Г.Ган-Эрдэнэ, Э.Түвшинбаяр: Биднийг хамгийн их гайхшируулсан зүйл бол Япон улс хүүхдийг бага наснаас нь эхэлж цаг баримтлах болон бусдыг хүндлэх ухаанд маш сайн сургасан явдал юм. Тийм учраас Япон улс нь дэлхийд хүнийг хүндлэх болон хувь хүний хүмүүжлээрээ дээгүүрт бичигддэг гэж бодож байна. Бид энэ дадлагын хугацаанд их юм үзэж, их ч юм сурлаа.

У.Бишрэлт, Г.Энхбадрал: Зочид буудалд зохиогдсон олон сайхан арга хэмжээнд гар бие оролцож, их зүйл суралцсандаа баяртай байна. Ажиллаж суралцангаа хоттой танилцах аялалд хамрагдаж, японы амьдралтай сайн танилцлаа. Японы хөдөлмөрч хүмүүстэй танилцлаа. Ийм сайхан боломжийг олгосон ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн хамт олонд баярлалаа.

 

Тухайн оюутнуудын дадлагын үеэр ГХС-ийн дэд захирал Ц.Энхбаатар Япон улсад айлчилж, оюутнуудын дадлага хийж байгаа газрын нөхцөл байдалтай танилцаж, хамтын ажиллагааны гэрээний нөхцөлийг сайжруулах тал дээр газар дээр нь ажиллаад ирлээ.   

 

Дадлагажигч оюутан хөтөлбөрт оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

 

Гадаад хэлний сургууль

Ази судлалын тэнхим