ШУТИС болон Сүнчонхянь Их сургуулийн Мэдээллийн Аюулгүй Байдал 2+2 хөтөлбөрөөр анхны бакалаврын төгсөлт

Мэдээллийн технологийн  үсрэнгүй хөгжлийн хүрээнд хөгжингүй орнуудын  их дээд сургуулиуд сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагаа  улам  идэвхжиж байгаа цаг үетэй холбоотойгоор Монголын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Солонгосын Сүнчонхяны их сургуультай бакалаврын шатны мэдээллийн аюулгүй байдлын 2+2 хөтөлбөрөөр анх тус сургуулиудын ректорууд 2014 оны 5-р сарын 14-нд ШУТИС-д сургалт явуулах гэрээнд гарын үсэг зурсан.  Энэ гэрээний дагуу ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ Аюулгүй байдлын салбар сургалтын хөтөлбөр боловсруулж хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр 2015 онд анхны элсэлт авч 2017 оны намар анхны оюутнууд суралцахаар явсан. Үүнээс хойш тус сургуулийн Мэдээллийн Сүлжээ Аюулгүй Байдлын салбарын багш судлаачид, Сүнчонхянь их сургуулийн Мэдээллийн Аюулгүй байдлын салбарын багш нартай эрдэм шинжилгээний хамтарсан семинарыг Монгол болон Солонгос улсад 2 удаа зохион байгуулж харилцан туршлага солилцохоос гадна, Монгол улсын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлын хурлыг 2020 оны 1-р сарын 17-нд ШУТИС болон Хууль Сахиулахын Их Сургуультай хамтарч зохион байгуулахад Сүнчонхяны их сургуулийн Мэдээллийн Аюулгүй Байдлын салбарын багш доктор профессор Илсан Ю урилгаар ирж 5G сүлжээний аюулгүй байдал сэдвээр тус хуралд илтгэл хэлэлцүүлсэн. Жил бүр манай салбараас 6-9 оюутан явж суралцаж байгаа ба одоогийн байдлаар 16 оюутан сурч байна. 2020 оны 2 сард Сүнчонхяны их сургууль дээр анхны 6 оюутан бакалаврын дипломоо амжилтай хамгаалсан ба одоо 2020 оны 6-р сарын 16-нд ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулиас  дипломуудаа тус тус гардан авлаа. Эдгээр 6 оюутнаас 2 оюутан Сүнонхяны их сургуульд, 2 оюутан нь Солонгосын бусад их дээд сургуулиудад магистрын сургалтад хамаарагдахаар  өргөдлөө өгсөн ба нэг оюутан нь Монголд Хаан банкинд мэдээллийн аюулгүй байдлын инженерээр, нэг оюутан нь ажил хайж байна. Батзоригийн Мөнхдэлгэрэх онцлох дипломтой төгслөө. Манай хоёр  салбарын сургалт, судалгааны үйл ажиллагаа амжилтай хэрэгжиж байна.

Мэдээлэл бэлтгэсэн: ШУТИС-ин МХТС-ин Мэдээллийн Сүлжээ Аюулгүй Байдлын Салбарын эрхлэгч доктор дэд профессор Я.Дашдорж

Улаанбаатар хот

2020-06-16

Монголын ШУТИС, Солонгосын Сүнчонхянь (Soonchunhyang University) их сургуулийг 2+2 бакалаврын хөтөлбөрөөр төгссөн Батзоригын Мөнхдэлгэрэхийн ярилцлага:

  1. 2+2 хөтөлбөрийн давуу талыг юу гэж ойлгож байна (бусад хөтөлбөрөөс ялгарах шууд элсэж орсон оюутнуудаас)?

Б.М: 2+2 хөтөлбөрөөр сурахын давуу талуудаас дурдвал юун түрүүнд солонгос хэлний мэдлэгийг эзэмших. Солонгос хэл дээр хичээл үзэж ойлгох болон мэргэжлийн хичээлийн шалгалтаа өгөхөд зайлшгүй хэрэгтэй юм. Хамгийн том давуу тал нь мэргэжлийн оюутны клубүүд их байдаг. Солонгост багш болгон өөрсдийн лаборатори байдаг ба тэрний нэрэн доорх оюутны клуб мөн байдаг. Миний хувьд Сүнчонхянь их сургуульд суралцахдаа Securityfirst ( Link ) гэх оюутны клубт явдаг байсан. Тэнд хичээл дээр заасан болон хичээлээс гадуурх зүйлсийг судлаад долоо хоног бүр семинар хийж хоорондоо мэдээллээ хуваалцдаг. Клубт анх ороход суурь мэдлэгийн шалгалт алгоритмын бодлого, кали линуксийн (kalilinux) ерөнхий мэдлэг, вебийн ерөнхий суурь мэдлэгийг шалгасан шалгалт авдаг ба хэрвээ тэнцвэл клубын үндсэн гишүүнээр элсэх ба тэнцээгүй тохиолдолд нэг семистрийн турш суурь мэдлэгийн хичээлд сууж мөн шалгалт өгч үндсэн гишүүнээр элсэж ордог. Клубын үндсэн гишүүд бүр reversing, web, pwnable, forensic гэсэн дөрвөн багийн аль нэгт хамрагдаг бөгөөд долоо хоног бүр судалж буй зүйлийнхээ талаар пипити (power point slide) бэлдэж илтгэл тавьдаг. Мөн оюутны клубын өрөө тусдаа байдаг, тэнд мэдэхгүй, чадахгүй зүйлээ асууж хамт хичээл хийх мөн мэргэжлийн номуудыг хүртэл ашиглах боломжтой байдаг. Мөн зун, өвлийн амралтаар өөрийн хийхийг хүссэн төсөл байвал амралтаараа клубийн өрөөнд клубийн гишүүдтэй хамт хичээл хийж болдог ба тэнд дээд курсийнхэн болон төгссөн оюутнууд ч мөн ирдэг учир амралтаа илүү үр бүтээлтэй өнгөрөөх боломж олгодог.

  1. Таны суралцах орчин ямар байсан гэж бодож байна, ШУТИС-ийн МХТС-тай харьцуулахад

Б.М: Сүнчонхянь их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд нь тус тусдаа нэг  нэг томоохон кампус (campus) дотор байдаг учир их тухтай санагдсан. Дотуур байрнаасаа номын сан, сургууль гэх мэт сурахад хэрэгцээтэй бүхий л зүйл хоорондоо ойрхон байсан. ШУТИС-ийн МХСТ-тай харьцуулахад 24-н цагаар ажилдаг номын сан болон лаборторийн өрөөнүүд байдгаараа Сүнчонхянь их сургууль ялгаатай санагдсан. Хичээл дүгнэх арга барил нь их өөр санагдсан. Солонгост нэг хичээлийг судалж буй нийт хүүхдийн 30% нь л А үнэлгээ авах боломжтой. Жишээ нь: нэг хичээлийг 100 хүүхэд үзэж байлаа гэж үзье. Тэд нарын 40 оюутан нь А үнэлгээний болзол хангасан байв. Гэсэн хэдий ч тэдгээр оюутнуудын зөвхөн 30 нь  А үнэлгээ авах боломжтой. Энэ нь оюутан ямар үнэлгээ авсан нь чухал бус ангиас хэд дүгээрт жагсаж байгаа вэ гэдэг нь чухалд тооцогдоно. Ингэснээр шалгалтын үеэр хуулна гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ хэн нэгэн хуулж байвал хажуу дахь оюутан нь шууд багшид мэдэгддэг. Багш нарын хувьд ч багш өөрсдийн заах ёстой юмыг заагаад л гараад явчихдаг болохоор оюутнууд бие дааж сурах нь түгээмэл байдаг.

  1. Ном сурах бичгийн хангалт ямар байсан гэж бодож байна

Б.М: Мэргэжлийн хичээлүүд дээр ашиглагддаг ном материал бүгд солонгос хэл дээр мөн англи хэл дээр худалдаанд зарагдаж байдаг. Солонгос хувилбар нь үнэтэй байдаг боловч англи хэл дээрх е-ном нь интернетээс хайвал үнэгүй олддог байсан болохоор их амар санагдсан. Монголд сурч байхдаа багш нар хичээлтэй холбоотой ном сурах бичиг нь ихэвчлэн англи хэл дээр байсан болохоор солонгосд сурч байхдаа англи хэл дээр ном, судалгааны материал уншихад асуудал бага байсан.

  1. Онол практикийн хоорондын уялдаа холбоо ямар байсан бол

Б.М: Солонгосд анги дээшлэх тусам практик нь багасаж илүү онол ордог. Долоо хоногийн 2 пар хичээл буюу гурван цагийн хичээлийг багш орж ирээд зөвхөн онол талаас нь заадаг. Практикийг бол хувь хувьдаа туршиж үзэх юмуу оюутнууд клубууд дээр илүү дэлгэрэнгүйгээр суралцаж болдог.

  1. Солонгос хэлээр лекц семинар, лаб хийхэд бэрхшээл гар ч байсан уу?

Б.М: Мэдээж их бага хэмжээгээр хэлний бэрхшээл гардаг. Тэр үед би хичээл дууссаны дараа багшаас очиж өөрийнхөө аль хэсгийг ойлгоогүйг асуухад багш нар маш нээлттэйгээр дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Хэрвээ багш завгүй байх тохиолдолд клубийнхнээсээ асууж мөн болно. Securityfirst клубд маань курс харгалзахгүй мундаг оюутнууд их байдаг байсан ба нас ойролцоо учир миний хувьд оюутны клубийнхаа оюутнуудаас асуух нь илүү амар байдаг.

  1. Солонгос соёл  Монгол соёлын ялгаа их байсан уу? Эсвэл үнэхээр гловалчлалт Солонгос улс их орсон юм болов уу?

Б.М: Солонгосд очоод юун түрүүнд мэдрэгдсэн соёлын ялгаа бол нэг насны зөрүүтэй л бол ах, эсвэл эгчээ хэмээн хүндэтгэлийн яриагаар ярих ёстой байдаг. Гэхдээ энэхүү зөрүү нь би тэнд гадаад оюутан байсан учир нэг их мэдрэгдээгүй.

  1. Монголын боловсролын тогтолцоог яаж өөрчилмөөр санагдаж байна вэ?

Б.М: Багш нартаа илүү хөрөнгө оруулалт хиймээр санагдсан. Багш нар сайн байж сурагч бид нар сайн болно гэж боддог. Солонгост хөрөнгө оруулалт нь их сайн юм шиг санагдсан.

  1. Монгол оюутан Солонгос оюутнаас ялгарах давуу тал байсан уу?

Б.М: Монголд сурч байхдаа багш нар англи сурах бичиг ашиглуулдаг байсан учир солонгос оюутнуудаас ялгарах нэг томоохон давуу тал нь англи хэлний мэдлэг байсан. Мэдээж англи хэлдээ сайн солонгос оюутан байсан боловч нийтэд нь авч үзвэл англи хэлний мэдлэг манай Монгол оюутнууд илүү байсан. Тэгэхээр солонгос оюутнууд асуудлаа шийдвэрлэхийн тулд солонгос материалаас л хайдаг бол Монгол оюутнууд маань солонгос, англи, монгол хэл гэсэн гурван хэлээр хайж дүгнэлт хийж ямарваа нэгэн даалгавар өгөхөд илүү харьцуулалт сайтай үр дүн үзүүлж байсан.

Баруун гар талаас:

  • Б. Мөнхдэлгэрэх ( Сүнчонхянь их сургууль, Мэдээллийн Аюулгүй Байдал )
  • С. Баатарсүрэн ( Сүнчонхянь их сургууль, Мэдээллийн Аюулгүй Байдал )
  • Н. Төгсмандах ( Сүнчонхянь их сургууль, Мэдээллийн Аюулгүй Байдал )
  • С. Заяа ( Сүнчонхянь их сургууль, магистр төгссөн )
  • Б. Гүндалай ( Сүнчонхян их сургууль, Мэдээллийн Аюулгүй Байдал )
  • О. Батсайхан ( Сүнчонхян их сургууль, Мэдээллийн Аюулгүй Байдал )