“ШУТИС –ИЙН ЗАЛУУЧУУДЫГ ХӨГЖИЛ III” чуулга уулзалт, зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө

ШУТИС-ийн залуучуудын хөгжлийг дэмжих холбоог бэхжүүлэх, холбооны гишүүнчлэлийг нэмэгдүүлэх залуучуудын оролцоог сайжруулах тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга зам, гарц шийдлүүдийг залуус өөрсдийн санал, санаачлалаар бий болгох, нэг баг болж дуу хоолойгоо нэгтгэн хамтарч ажиллах боломжийг эрэлхийлэх зорилготой ШУТИС–ИЙН ЗАЛУУЧУУДЫГ ХӨГЖИЛ III чуулган өнгөрөгч амралтын өдрүүд буюу 2020 оны 01-р сарын 25,26-нд Нийслэлийн Сонгино амралтад амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн чуулганд ШУТИС-ийн 12 бүрэлдэхүүн сургууль (ХШУС-10, МеТС-10, МХТС-10, БУХС-10, ГУУС-10, ГХС-10, ҮТС-10, ЭХС-10, ЗАА-10, ОТС-7, БАС-4, ДаТС-3) 45 хүртэлх насны шилдэг залуусын төлөөллөө оролцуулсан бөгөөд нийт 105 залуу багш, ажилтнууд оролцов.

Тус чуулганыг нээж ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат үг хэлж залуусыг эв нэгдэлтэй, хамтарч эрдэм шинжилгээ, сургалт-судалгааны ажил дээр мэдлэг бүтээж баг болж ажиллах тал дээр уриалахын зэрэгцээ “ШУТИС-ИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО-2030” мастер төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулж хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний биелэлтэд залуусын дуу хоолой, гар бие оролцоо хамгаас чухал байгааг санууллаа.

Мөн ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац хариуцсан дэд захирал Т.Намнан, захиргаа хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нар чуулганд оролцогчдод амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүллээ.

  

 

Чуулганы эхний илтгэл нь ШУТИС-ийн Залуучуудын хөгжлийг дэмжих холбооны тэргүүн ГУУС-ийн багш Б.Улаанбаатар “ШУТИС-ийн ЗХДХ-ны танилцуулга” илтгэл тавив. Уг илтгэлд холбооны одоогийн бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулж, 2019 оны 02-р сарын 21-ний өдөр холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш хийгдсэн ажлуудыг танилцуулж, ШУТИС-ийн 45 хүртэлх насны залуусын өмнө холбооны үүд хаалга хэзээд нээлттэй байхыг сануулж холбоондоо гишүүнээр элсэж хамтран ажиллахыг уриаллаа. Дараагийн илтгэл нь ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацын газрын ахлах мэргэжилтэн Б.Одгэрэл “Эрдэм шинжилгээ-төсөл, сургалт судалгаа” илтгэлийг чуулганд оролцогчдод танилцуулж ШУТИС, БСШУЯ-ны ШУТСангаас зарлагддаг төслүүдэд залуу багш нар хэрхэн хамрагдах боломжтойг тайлбарлаж өгөв.

Чуулганы 2-р хэсэг болох хэлэлцүүлгийн үеэр оролцогчдыг 10 багт хувааж, залуучуудад тулгамддаг 10 асуудлыг шийдвэрлэх арга зам, шийдлийг хэлэлцүүлэв. Тус чуулганы гол зорилго нь залуучууд бүрэлдэхүүн сургууль, нэгжийн залуучуудын зөвлөл байгуулан улмаар залуучуудын байгууллагыг бэхжүүлэхэд ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-г хангах, мөн түүнчлэн тэдний нийгмийн асуудал, судалгааны ажил гүйцэтгэх, төсөл хэрэгжүүлэх боломж дэмжлэг зэргийн гарцыг хамтдаа хэлэлцэн шийдвэрлэх, хичээл чармайлт гаргах арга замыг олох явдал байлаа.

  

 

Хэлэлцүүлгийн дараа багууд өөрсдийн уриа онцлогоос хамаарсан мэндчилгээ дэвшүүлсэн өрсөлдсөнөөс 5-р баг шилдгээр шалгарч Өргөө кино театрт багаараа хүссэн цагтаа, хүссэн киногоо үзэх эрхээр шагнууллаа.

ШУТИС-ЗХДХ-ний зүгээс идэвх чармайлттай ажилласан гишүүдээ Монголын залуучуудын холбооны цол тэмдгээр шагнаж урамшуулав. Тухайлбал: МХТС-ийн багш А.Түвшинбаяр МЗХ-ны хөдөлмөрийн алдал алтан медаль, ҮТС-ийн сургалтын мастер Г.Долгорсүрэн, эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, эрхлэгчийн туслах Г.Чимэдчанцал, ХШУС-ийн багш Н.Чимэдцогзол, ГУУС-ийн багш Б.Батдэмбэрэл нар тус тус шагнагдлаа.

Чуулганы үйл ажиллагааг дэмжиж ажилласан ШУТИС-ийн нийт удирдлагууддаа талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт ШУТИС-ийн залуучууд та бүхнийг эвсэг, найрсаг хамт олонтой нэгдэж, гишүүнээр элсэн хамтран ажиллахыг уриалж байна.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО