Профессор, багш, судлаачдад зориулсан “Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх нь” сургалт зохион байгууллаа
None

Эрдэм шинжилгээ, инновацын газар, Технологи дамжуулах төвөөс санаачлан 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх нь” сургалтад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, хүрээлэнгийн төлөөлөл бүхий 90 орчим багш, судлаачид оролцлоо.

Энэхүү сургалт нь судлаачдын эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, үр дүнг нь үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд арга зүйн зөвлөгөө өгөх,  дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологи бодлогын газар, МУ-ын Оюуны өмчийн газар, Монголын номын сангуудын консорциум зэрэг байгууллага дэмжиж хамтран ажиллав.

 

 Тус сургалтад БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологи бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Лхагвадорж “Судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэхэд баримтлах дүрэм журам, хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьж, улсын захиалгат төсөл хэрэгжүүлэхэд мөрдөх дүрэм, журмын заалтууд, төслийн сонгон шалгаруулалтад судлаачид хэрхэн бэлдэж оролцох талаар арга зүйн зөвлөмж өгөв.

Түүнчлэн судлаачид бүтээлдээ оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэснээр бусдад ашиглуулах болон бусдын бүтээлийг ашиглахад ёс зүйн дүрэм журам баримтлах талаар Технологи дамжуулах төв /ТДТ/-ийн мэргэжилтэн Б.Уянга “Зохиогчийн эрх, хамаарах салбар, түүний хэрэглээ” сэдвээр, Оюуны өмчийн газрын мэргэжилтэн Б.Одгэрэл “Аж үйлдвэрийн оюуны өмч /шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт/-ийг зах зээлд нэвтрүүлэх боломж” сэдвээр  шаардлагатай  мэдээллийг хүргэв.

 

Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, оюуны өмчтэй холбоотой дээрх дүрэм, журмуудаас гадна тус их сургууль дээр хэрэгжүүлж байгаа “ШУТИС-ийн Технологи дамжуулах журам”, “ШУТИС-д Гарааны компани байгуулах, хөгжүүлэх журам”-уудын зүйл, заалтуудыг ЭШИГ-ын мэргэжилтэн Н.Бадрах, М.Зулбаяр нар танилцуулж, багш, судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон мэдлэг, технологи, оюуны бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлэх, ашиглах, захиран зарцуулах, тэдгээрээс олох орлого, ашгийг хуваарилахтай холбоотой харилцааны талаар хэлэлцлээ. Мөн ШУТИС-ийн барааны тэмдгийг ашиглах, ашиглуулахтай холбоотой журмын төслийг ТДТ-ийн мэргэжилтэн Б.Уянга танилцуулав.

 

Тус сургалтад оролцогчдод судалгааны бүтээлээ мэргэжлийн англи хэл дээр бичих арга зүйн зөвлөмжийг ГХС-ийн Англи хэлний тэнхимийн эрхлэгч Ч.Золзаяа өглөө.

Зарим судлаачдад гадаадын сэтгүүлийг сонгох нь төвөгтэй байдаг. Ялангуяа хуурамч сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлэх байдал ажиглагдаж байна.  Энэ нь албан ёсны сэтгүүл мөн эсэхийг магадлах мэдлэг, мэдээлэл дутмагтай холбоотой юм. Иймээс бид өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн судлаачдад олон улсын мэдээллийн сангаас хайлт хийх, өөрийн сонирхож буй бүтээлтэй танилцах, бүтээлээ хэвлүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байна. Энэ чиглэлээр Монголын номын сангийн консорциумтай хамтран хэд хэдэн удаагийн сургалтуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь энэ удаагийн арга хэмжээ юм. Энэхүү сургалтад “Эрдэм шинжилгээний сэтгүүл сонгож, бүтээл нийтлүүлэхэд анхаарах зөвлөмж” сэдвээр тус консорциумын ТУЗ-ийн дарга Л.Гантулга арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Дашрамд дурдахад, өнөөдөр SCOPUS мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд ШУТИС-ийн нэр дээр бичигдсэн нийт 583 судлаачийн бүтээл бүртгэгдсэн бөгөөд тэдгээр нь 3401 удаа эшлэгдээд байна. Сүүлийн онуудыг түүвэрлэн харуулбал:

Эх сурвалж: SCOPUS мэдээллийн сан, 2020.01 сар

Тус сургалтад идэвхтэй оролцсон нийт багш, судлаачид, хамтран ажилласан байгууллага, мэргэжилтнүүддээ ажлын амжилт хүсч, талархал илэрхийлье.

Эрдэм шинжилгээ, инновацын газар

Технологи дамжуулах төв