“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа

Тус арга хэмжээг ЮНЕСКО-ийн Зүүн Азийн бүсийн төв, Монгол Улсын Боловсролын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын ЮНЕСКО-ийн үндэсний комисс, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) болон ЮНЕСКО-ийн Дээд боловсролын инновацын олон улсын төв (UNESCO-ICHEI) хамтран, БНХАУ-ын Poshi Group Co., Ltd компанийн дэмжлэгтэйгээр 2025 оны 6 дугаар сарын 30-нд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулсан юм.

  

Хэлэлцүүлэг нь Зүүн Азийн бүс нутагт хиймэл оюун ухааныг дээд боловсролын салбарт нэвтрүүлэх боломж, тулгамдаж буй сорилт, хамтын ажиллагааны шинэ гарцуудыг тодорхойлох, улс орнуудын туршлага, сайн жишээг харилцан хуваалцах, бодлогын түвшний хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байв. Арга хэмжээнд бүс нутгийн болон дэлхийн 10 гаруй орны 200 гаруй төлөөлөгч, боловсролын бодлого боловсруулагчид, их, дээд сургуулиудын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн технологийн байгууллагуудын төлөөлөл оролцож, хиймэл оюун ухаанд суурилсан боловсролын бодлогын шийдэл, сургалтын платформ, хамтын ажиллагааны туршлагуудаа танилцуулсан нь олон улсын түвшинд өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Гантулга, ШУТИС-ийн ректор Т.Намнан, UNESCO-ICHEI төвийн захирал Жин Ли нар оролцож, үг хэлсэн бол ЮНЕСКО-ийн Зүүн Азийн бүсийн газрын дарга Шахбаз Хан цахимаар мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Боловсролын ирээдүйг хамтдаа бүтээхэд хиймэл оюун ухаан зайлшгүй түлхүүр бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан суралцах нь хамгийн үр дүнтэй арга зам юм” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

  

Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын дээд боловсролын багш, судлаачдын хиймэл оюун ухаан болон дижитал ур чадварыг хүлээн зөвшөөрөх, чадавхжуулах зорилготой хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг албан ёсоор зарласан нь бүс нутгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж буй чухал алхам боллоо. Энэхүү санаачилга нь ЮНЕСКО-ICHEI болон Монгол дахь Цахим боловсролын олон улсын төвийн хамтын ажиллагааны шинэ шатанд гарч буйг илтгэж байна.

ШУТИС болон UNESCO-ICHEI хамтран боловсруулсан “DeepSeek” технологид суурилсан хиймэл оюун ухаанд суурилсан сургалтын платформыг олон нийтэд танилцуулсан нь сургалтын агуулгыг хувь хүн бүрд оновчтой хүргэх, суралцах орчныг шинэ түвшинд гаргах боломжийг нээж өглөө. Мөн “Digital Leap in East Asia” нэртэй бүс нутгийн дээд боловсролын дижитал шилжилтийн тайланг танилцуулж, хиймэл оюун ухаан болон дижитал технологийн бодит нөхцөл байдал, амжилттай хэрэгжиж буй туршлагуудыг олон нийтэд дэлгэн үзүүлэв.

Хэлэлцүүлгийн үеэр төр, хувийн хэвшил, академийн салбаруудын уялдаа холбоог бэхжүүлэх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ур чадварыг системтэй хөгжүүлэх, дижитал тэгш хүртээмжийг хангах нь бүс нутгийн хэмжээнд стратегийн ач холбогдолтой асуудал болохыг олон улсын илтгэгчид онцолсон юм. Мөн арга хэмжээний үеэр хиймэл оюун ухаанд суурилсан боловсролын хэрэглүүр, платформ, инновацын шийдлүүдийг танилцуулсан үзэсгэлэн ажиллаж, байгууллагуудын хоорондын харилцаа, судалгаа хөгжүүлэлтийн шинэ түншлэл үүсэх боломжийг бүрдүүлэв.

  

Хэлэлцүүлгийн үр дүнд Зүүн Азийн бүс нутгийн хэмжээнд хиймэл оюун ухаанд суурилсан дээд боловсролын хамтын ажиллагааг бэхжүүлэх, багш, судлаачдын ур чадварыг дээшлүүлэх тогтвортой сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлд шат дараатай ажлуудыг эхлүүлэхээр тохиролцов.