МехТС-ийн Тээврийн салбарын Камминс Монголиа Инвестмент ХХК-ны нэрэмжит “Дотоод шаталтын хөдөлгүүр”-ийн лабораторийн нээлтийн ажиллагаа 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Камминсийн зүүн бүсийн захирал Стив Уильям Розе, Камминс Монголиа Инвестмент ХХК-ны захирал Д.Содбилэг, Ложистикийн менежер Ц.Буяндэлгэр, Санхүүгийн менежер Г.Цэрэннадмид, Борлуулалтын менежер Т.Эрдэнэбат болон механик, тээврийн сургуулийн багш, ажилтан, оюутан, сурагчид оролцлоо.

Камминс Монголиа Инвестмент ХХК болон Механик, тээврийн сургуулийн хооронд хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулж, түүний хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа билээ.
Уг санамж бичгийн хүрээнд авто тээврийн салбарыг хөгжүүлэх, инженерийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, төгсөгчдийг давтан сургах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалт, судалгааны ажил хийх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг болгох үүднээс Механик, тээврийн сургууль дээр Камминс Монголиа Инвестмент ХХК-ны нэрэмжит “Дотоод шаталтат хөдөлгүүр”-ийн лабораторийг бүрэн засварлаж, сургалтын зориулалттай хоёр хөдөлгүүрийг хүлээлгэн өгч байна.

Камминс Монголиа Инвестмент ХХК-ны нэрэмжит дотоод шаталтат хөдөлгүүрийн лабораторийн дотоод засварын зардалд 29.480.819 төгрөг, дээврийн засварын ажилд 9.349.450 төгрөг, мөн 42.000.000 төгрөгийн хоёр хөдөлгүүр бэлэглэж нийт 80.830.269 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Камминс Монголиа Инвестмент ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд орчин үеийн, тохилог сургалтын лабораторийг хүлээлгэн өгсөн нь дан ганц тус сургуулийн төгсөгчдийн ур чадварыг дээшлүүлээд зогсохгүй, улмаар салбарын мэргэжилтэний чадавхи, чансааг дээшлүүлэх үйлсэд дорвитой хувь нэмрийг оруулсан үйл явдал болж байна.
Энэхүү лабораторийг тохижуулж, хүлээлгэн өгөх ажиллагаа нь Камминс компани үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, ШУТИС үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа илүү онцлог, ач холбогдолтой болж байна.
МехТС-ийн Тээврийн салбар нь ШУТИС байгуулагдсан түүхт 60 ойд зориулсан бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулж Трансвест Монголиа ХХК-н нэрэмжит “Автомашин судлал”-ын лаборатори (31 сая төгрөгийн төсөвтэй), Сейф трек ХХК-ийн нэрэмжит “Семинарын өрөө”(5 сая төгрөг), ИНЕГ-ын нэрэмжит “Авионик”-ийн лаборатори(1.3 сая төгрөг), Ланд бридж ХХК-ийн нэрэмжит “хичээлийн танхим”(17.2 сая төгрөг)-ыг тохижуулж, ашиглалтан оруулсан бөгөөд энэхүү лаборатори нь уг ой угтсан ажлын үргэлжлэл болсон байна.
Механик тээврийн сургууль, Тээврийн салбар
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа