Цөмийн шинжилгээний нэгдсэн институтын нейтроны физикийн лабораторийн захирал доктор А.В.Белушкин ШУТИС-ийн хүндэт профессор болов

ОХУ-ын Дубна хот дахь олон улсын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтын нейтроны физикийн лабораторийн захирал доктор А.В.Белушкинд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Хүндэт профессор” цол гардуулах ёслолын ажиллагаа 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр боллоо. Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн проректор Г.Дамдинням, Б.Очирбат болон ректорын зөвлөлийн бүрэлдэхүүн, газар, албаны дарга нар оролцлоо. Үйл ажиллагааг нээж проректор Б.Очирбат үг хэлж, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр, товч намтрыг уншиж танилцуулсан. Доктор А.В.Белушкинд Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор Г.Дамдинням “Хүндэт доктор”-ын өмсгөл, тэмдэг, дипломыг гардуулан өгч хадаг, мөнгөн аягатай сүү, цэцгийн баглааг өргөн барьлаа.

Хүндэт профессор А.В.Белушкин нь олон  жилийн турш Нейтроны физикийн лабораторийн захирлаар ажиллахдаа Монгол улсад цөмийн физик, орчин үеийн физикийн салбарыг хөгжүүлэх, үндэсний  мэргэжилтнүүд бэлтгэхэд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна. Тухайлбал, тус лабораторид академич Н. Содном, академич С.Энхбат, профессор Ж.Сэрээтэр, профессор Ш.Гэрбиш нар ажиллаж байсан ба  доктор Г. Хүүхэнхүү, И.Чадраабал,  Ю.Намсрай, Д.Сангаа,  О.Аварзад, Б.Отгоолой, Г.Батдэмбэрэл, Ч.Гантулга зэрэг манай эрдэмтэд энэ лабораториас төрөн гарсан юм.

 

Тус лабораторийн анхны захирал, Нобелийн шагналт, академич И.М.Франк 1969 онд Монгол улсад айлчилж, МУИС-д нейтроны генератор гэж нэрлэгдэх цөмийн спектр судлалын  нарийн багажийг суурилуулахад монгол мэргэжилтнүүдийг дагуулан сургаж эхэлсэн үеэс хамтын ажиллагаа эхэлсэн  байдаг. Сүүлийн жилүүдэд профессор А.В.Белушкиний  санаачилга, дэмжлэгтэйгээр  манай  улсад ихээхэн ач холбогдол бүхий  шинжлэх ухаан, технологийн  хамтын  олон улсын хэмжээний  төслүүд хэрэгжиж байна.

 

Тухайлбал, “Нейтроны цөмийн урвалын  суурь судалгаа”, “Нано материал судлалын нейтрон сарнилын судалгаа”, “Эрдэнэт хот орчмын экологи-нейтрон мониторнг судалгаа”, “Цөмийн эрчим хүч ба цөмийн импульст реакторын судалгаа”, “Монгол орны эрдсийн  кристалл бүтцийн судалгаа” зэргийг дурьдаж болно.
Профессор А.В.Белушкин нь Монголд хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, залуу судлаачдыг ЦШНИ-д ажиллуулах, хамтарсан сургалтын тэнхим байгуулах зэргээр ЦШНИ болон манай улсын эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд их анхаарч ажилладаг. Тэрээр 2011 онд “Наноматериал судлалын нейтрон сарнилын аргууд” сурах бичгийг А.В.Белушкин, Д.Сангаа нар  хамтран бичиж, ерөнхий редактороор Академич С.Энхбат ажиллаж Монгол хэл дээр  хэвлүүлсэн байна.


ЗХШҮГ