ШУТИС-ийн “Хүндэт профессор” цолыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан Х.Бадамсүрэнд, “Профессор” цолыг "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий баяжуулагч, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Төрийн Соёрхолт, Гавьяат уурхайчин Ж.Баатархүү нарт олгох ёслолын ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо.

Х.Бадамсүрэн нь геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт 34 жил ажилласан бөгөөд үүнээс төрийн яаманд 10 жил бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр, 20 жил Бор-Өндөрийн УБҮ, “Монголросцветмет” нэгдэл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийг үр бүтээлтэй удирдаж ажилласан. Уул уурхайн салбарын эрдэмтний хувьд сургалтыг үйлдвэрлэлтэй холбох, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, гадаадын ижил төстэй их, дээд сургуулиудтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийг хөгжлийн бодлогоор дэмжих зэрэг чиглэлээр санаачилгатай ажиллаж, ШУТИС болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололтыг үйлдвэрлэл, сургалтад нэвтрүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийг цогц байдлаар хөгжүүлэх ажлыг шинэ шатанд гаргахад идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж буйг нь үнэлэн ШУТИС-ийн “Хүндэт профессор ” цолоор шагнажээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий баяжуулагч, Эрдэнэтийн технологийн сургуулийн зөвлөх профессор Ж.Баатархүү нь оюуны өмчийн 5 патент, 100 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний төслийн тайлан, ашигтай загвар, зохиогчийн эрхийн гэрчилгээ, 10-аас доошгүй улсын стандартыг боловсруулан, олон улсын баяжуулагчдын хурал зөвлөгөөнд 10 орчим илтгэл хэлэлцүүлж, 1 патентаараа Төрийн шагнал хүртсэн юм. Мөн доктор, магистрийн судалгааны 10 гаруй ажлын удирдагч, зөвлөхөөр ажилласан. Эдгээр үзүүлэлтүүдээр ШУТИС-ийн эрдмийн цолны болзлыг хангасан учир “Профессор” цол олгов.

ШУТИС-ийн “Хүндэт профессор” Х.Бадамсүрэн, “Профессор” Ж.Баатархүү нартаа их сургууль-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх их үйлсэд нь амжилт хүсэж, эрүүл энх, сайн сайхныг ерөөе.
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл
Эрдэм шинжилгээ, инновацийн газар
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа