“Хятад хэлний клуб”-ын хаврын улирлын хичээл болж өндөрлөлөө

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц 1,2”, “Хятад хэлний яриа”, “Хятад хэлний орчуулга”, “Хятад цаасан хайчилбар”, “Хятад уран бичлэг”, “Хятад дуу”-ны хичээлийг амжилттай зохион явууллаа. 

Оюутны Соёл Үйлчилгээний Албаны баталсан төлөвлөгөө, хуваарийн дагуу “Хятад хэлний орчуулга”, “Төгсөгчдийн цуврал лекц 1,2” “Танилцуулга хичээл”-ийг клубын зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа, “Хичээлийн нэмэлт давтлага” хичээлийг клубийн ахлагч болон идэвхтэн гишүүд, “Хятад цаасан хайчилбар”, “Хятад дуу”хичээлийг БНХАУ-аас ШУТИС-ийн ГХИ-д ажиллаж буй сайн дурын мэргэжилтэн багш Гө Жинжин, “Хятад уран бичлэг”, “Хятад хэлний яриа” хичээлийг мэргэжилтэн багш Лү Чөнжүн багш нартай хамтран амжилттай явууллаа.

Хятад хэлийг сонирхон суралцаж буй нийт клубын гишүүд, оюутан та бүхэн аливаа гадаад хэлийг суралцахдаа тухайн улсынх нь хэл соёл, ёс уламжлал, урлаг соёлоор дамжуулан сэтгэлгээний хэв маяг, өвөрмөц онцлог, шинж төрх хэлээр дамжин илэрч буйг илүү танин мэдэж сурах үйлсдээ амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү хайчилбар, дуу, уран бичлэгийн хичээлд клубын гишүүд, ГХИ-ийн ТТО-ийн ангийн болон ГУУС, ЭХС-ийн хөтөлбөрийн ангийн болон бусад бүрэлдэхүүн сургуулийн оюутнууд идэвхтэй  оролцож хятад дуу суралцаж, уран бичлэг болон цаасан хайчилбарын соёлтой танилцан, хичээнгүй уран бичиж, хайчилбар хийж өөрсдийн бяцхан бүтээлийг гаргасан нь тус хичээлүүдийн онцлог байлаа.

“Төгсөгчдийн цуврал лекц”-ийг ШУТИС-ийн хятад хэл суралцаж буй оюутнуудыг идэвхжүүлэх, сонгосон мэргэжлийнх нь давуу талыг таниулах, дур сонирхолтой болгох зорилгоор ТТО-хятад хэл мэргэжлийн оюутнуудад тус сургуулийн төгсөгч “Оюу-Толгой” ХХК-ийн орчуулагч, симуляторын сургагч Б.Төгөлдөр, ЭХС-ийн хөтөлбөрийн ангийн оюутнуудад ЭХЯ-ны дэргэдэх Эрчим хүчний хөгжлийн төвийн инновац технологийн хэлтсийн инженер Ө.Одбаяр нарыг урьж үр дүнтэй, сонирхолтой хэлэлцүүлэг, лекц өрнүүллээ.

Хятад хэлний клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубын гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

ГХИ-Хятад хэлний клуб. 2018-04-26