Аж үйлдвэрийн яам, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайд асан П.Дамдин ШУТИС-ийн “Хүндэт доктор” болов

Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх ажлыг олон жил удирдан зохион байгуулсан Паавангийн Дамдинд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Хүндэт доктор” цол өргөмжлөх ёслолын ажиллагаа гуравдугаар сарын 22-ны өдөр ШУТИС-ийн Төв номын санд боллоо. Ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн үг хэлж, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг Эрдэм шинжилгээ, технологийн проректор Б.Очирбат уншиж танилцуулав. Үүний дараа П.Дамдинд “Хүндэт доктор”-ын диплом, тэмдэг, өмсгөлийг нь гардуулан өгч, мөнгөн аягатай сүү алд цэнхэр хадаг өргөн барилаа.

 

Ёслолын ажиллагаанд П.Дамдингийн ар гэрийнхэн болон хамт ажиллаж байсан хүмүүс нь хүрэлцэн ирсэн байна. П.Дандин нь МАХН-ын Төв хорооны санхүүгийн тасагт данс хөтлөгч, ня-богоор ажлын гараагаа эхэлж 1958-1960 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайд, 1968-1979 онд Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайд 1979-1990 онд МАХН-ын Төв хорооны аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн  нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

 

1987-1990 онд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны орлогч, жинхэнэ гишүүн П.Дамдинг Аж үйлдвэрийн яам болон Хөнгөн ба хүнсний  үйлдвэрийн яамны сайд, МАХН-ын Төв хорооны аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед дараах томоохон үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолборууд байгуулагдаж ашиглалтанд оржээ. Үүнд Налайх, Шарын гол, Адуун чулуут, Багануурын нүүрсний уурхай, Улаанбаатарын 2,3,4-р цахилгаан станц, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотын цахилгаан станцууд ашиглалтан орсон байна. Мөн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Бор-Өндөрийн Жоншны үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Улаанбаатар, Дархан, Чойбалсангийн Мах комбинат, Улаанбаатар, Дархан, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудын Гурилын комбинат, Улаанбаатар хотын Талх, чихрийн комбинат, “Архи пивоны үйлдвэр, Зүүнхараагийн Спирт бал бурмын үйлдвэр, Улаанбаатар, Дархан хот болон  бүх аймгуудын  хүнсний үйлдвэрүүд, Нэхмэлийн үйлдвэр, Эсгий, эсгий гутлын үйлдвэр, Сүлжмэлийн үйлдвэр, Ээрмэлийн үйлдвэр, Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэр, “Говь” комбинат, Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр, Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр, Улаанбаатар хот, Эрдэнэт, Дорнодын Хивсний үйлдвэр зэрэг ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүд, Хонины арьс боловсруулах Шевретийн үйлдвэр, Ямааны арьс боловсруулах Шевроны үйлдвэр, Том ширний үйлдвэр, Савхин эдлэлийн үйлдвэрүүд, Гутлын үйлдвэр, Үслэг эдлэлийн үйлдвэр, Оёдлын фабрик, Хүүхдийн хувцасны үйлдвэр, Гэр ахуйн бүтээгдэхүүний оёдлын үйлдвэр, Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэр зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрүүд ашиглалтанд орж байсан юм.

 

Мөн Хөнгөн, хүнсний техникум, (МСҮТ)-ийг байгуулж, МУИС, ПДС-(ШУТИС)-д түлш эрчим хүч, уул уурхай, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн мэргэжлээр мэргэжлийн салбарууд нээх, хөнгөн, хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийг байгуулах асуудлыг тухай бүрт нь тавьж, улсын төлөвлөгөө, гадаад орнуудтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт тусган шийдвэрлүүлсэн байдаг.


ЗХШҮГ