Shima Seiki фирмийн APEX-3-3 програмын ахисан түвшний I шатны сургалт амжилттай явагдлаа

ШУТИС-ийн ҮТС-ийн “Shima Seiki тraining center” сургалтын төв дээр  Японы Shima Seiki фирмийн SDS-ONE APEX-3-3 програмын ахисан түвшний I шатны сургалт анх удаа зохион байгуулагдаж амжилттай явагдлаа. Анхан шатны сургалтыг өмнө нь үйлдвэрлэгчдийн захиалгаар 3 удаа явуулсан. Ахисан түвшний сургалтанд ноолууран сүлжмэлийн үйлдвэрүүдийн технологич, загвар зохион бүтээгчид болон ШУТИС-ийн  хувцасны загвар зохион бүтээгч, дизайнер багш нар оролцлоо. Энэ сургалтыг тус төв нь Канад улсын Гадаад Хэргийн Яамаар дамжуулан Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй хөгжлийн UNITERRA хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан болно. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид нь Канад Улсын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ ТББ (WUSC) болон Канад Улсын Олон Улс Судлал, Хамтын Ажиллагааны Төв (CECI) юм. Энэ хөтөлбөр манай улсын Ноос ноолуур, орон сууцны барилгын салбарт 2015-2020 оны хугацаанд хэрэгжинэ. ШУТИС болон UNITERRA хөтөлбөр хамтран ажиллах гэрээг 2016 оны 9 сард үзэглэсэн билээ.

    APEX 3-3 системийг эзэмших сургалтууд нь хэд хэдэн модулиас бүрддэг бөгөөд тэр бүрийг суралцахын тулд Япон уруу инженер програмистууд явдаг байсан бол одоо нутагтаа, эх хэл дээрээ суралцах боломжтой болсон нь их давуу тал гэж үйлдвэрлэгчид талархаж байна. ШУТИС-ийн төв нь Shima Seiki фирмийн Япон дахь сургалтын орчинтой адил нөхцөлтэй, төгсөгчдийн чадварын үнэлгээ ч ижил болно. Анх удаа явуулсан ахисан түвшний I шатны суралцагсад бүгд амжилттай төгслөө. Бид Shima Seiki фирмийн SDS-ONE APEX-3-3 програмын анхан болон ахисан түвшний I шатны сургалтанд зориулсан сургалтын гарын авлагыг орчуулж хэвлүүлсэн нь сургалтанд маш ач холбогдолтой болсныг төгсөгчид цохон тэмдэглэж байлаа. Бид дараа дараагийн сургалтуудыг зохион байгуулж салбарын үйлдвэрүүдийн хөгжилд хувь нэмэр оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ноос ноолуурын үйлдвэрийг хөгжүүлэх талаар төр засгаас олон талт арга хэмжээ авсны дүнд манай үйлдвэрүүд дээр дэлхий тэргүүлэх фирмүүдийн тоног төхөөрөмжүүд суурилагдсан. Одоо тэдгээрийг үр дүнтэй ашиглах, ажиллуулах хүний нөөцийг бэлтгэх, чадварыг дээшлүүлэх л гол зорилт болж байна. Тухайлбал энэхүү APEX программыг бүрэн эзэмшсэнээр 2-3 хүний хийж буй ажлыг 1 чадвартай хүн хийх боломжтой болно.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

ШУТИС-ийн ҮТС-ийн “Shima Seiki тraining center” сургалтын төв

 APEX-3-3 програмын ахисан түвшний I шатны анхны төгсөгчид  

Shima Seiki тraining center” сургалтын төв дээр явагдсан сургалтын явцаас

Сургалтын танилцуулга, гарын авлага

Төгсөгчдийн бүтээлийн танилцуулга, хэлэлцүүлэгээс