Багш нарын баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ

     Олон улсын багш нарын өдөр болон Монголын багш нарын 50 дахь удаагийн баярын өдрийг ШУТИС-ийн хамт олон Улаанбаатар чуулгын төв танхимд аравдугаар сарын 5-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээд ШУТИС-ийн Ректор, проректор бүрэлдэхүүн сургуулийн захирал болон багш ажилчдын төлөөлөл болсон 400 гаруй хүн оролцлоо.

     Баярын хурлыг нээж ШУТИС-ийн Ректор Б.Очирбат “ШУТИС-ийн олон багш нар амжилт бүтээлээрээ төрийн дээд одон медаль хүртэж нэр алдраа дуурсгасан сайхан хичээлийн жил байлаа. Тус сургуулийн Удирдах зөвлөл ШУТИС-2021 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө баталсан бөгөөд үүнд ШУТИС 2021 онд Азийн тэргүүлэх их сургуулийн нэг болгохоор томоохон зорилтыг дэвшүүлэн тавьсан байгаа. Бид ШУТИС-ийг дээд боловсролын байгууллагын 3 дахь магадлан итгэмжлэлд оруулах бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ магадлан итгэмжлэлийг бид авснаар Монгол Улсад хугацаагүйгээр магадлан итгэмжлэгдсэн анхны их сургууль болохыг зорьж байна. Мөн бид их сургуулийн үндсэн үйл ажиллагаануудыг тодорхойлон их сургуулиудын ранкинг тогтоодог QS байгууллагаар Азийн их сургуулиудын түвшинд ранкинг тогтоолгохоор ажиллаж байна. Манай их сургуульд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй инженер технологийн дээд боловсролын төсөл, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа 1000 инженерийн төсөл, АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран хэрэгжүүлж байгаа MIT Монгол Улс санаачлага зэрэг олон улсын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж эхний үр өгөөж манай багш нарт бодитойгоор хүрч байна. Энэ бүх үйл ажиллагаа биднийг ирээдүйн томоохон зорилтдоо хүрэхэд алхам алхмаар ойртуулна гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна. 2016-2017 оны хичээлийн жилийн зорилтоо бид сургалтын чанарын баталгаажуулалтыг хангах жил болгон үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар төлөвлөөд байна. Үйл ажиллагааныхаа хувьд шинэ арга, шинэ үнэлэмж, шинэ соёл суралцах боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна. 2019 онд ШУТИС-ийн түүхт 60 жилийн ой тохионо. Энэ ойг угтаж ШУТИС-ийн түүхийн 6 боть номыг бүтээн гаргахаар редакцын комиссыг байгуулан ажиллаж байна. Энэ ботийн хамгийн эхний дугаар болох манай их сургуулийн түүхийн он дарааллын бичиг хэмээх нэгдүгээр ботийг энэ онд багтаан хэвлүүлэхээр редакцын комисс шамдан ажиллаж байгааг та бүгдэд мэдээлье. Олон жилийн бахархалт түүхтэй энэ сургуульд ажиллаж байсан эдүгээ ажиллаж байгаа эрхэм хүндэт багш нар та бүхний хичээл зүтгэлтэй, амжилт бүтээлтэй, ариун цагаан хөдөлмөрийн манай их сургууль үргэлж өндрөөр үнэлж бахархаж байдаг. Өнөөдөр манай олон багш нар ажилтнууд төр засгийн болон их сургуулийнхаа шагналаар шагнагдаж байна. Хамт олноо хошуучлан өндөр  амжилт гарган ажилласан эдгээр багш нартаа тухайлан халуун баяр хүргэе. Мөн өнгөрсөн жил манай ШУТИС-ийн олон нийтийн байгууллагууд идэвхтэй сайн ажиллаж салбар салбарынхаа шилдэг олон нийтийн байгууллага болж шалгарсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Манай их сургуулийн ахмадын зөвлөл Монголын боловсролын салбараас амжилт бүтээлээрээ шалгарч хамгийн шилдэг ахмадын зөвлөл болсон. Мөн ШУТИС-ийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн салбар зөвлөлүүд дотроос үйл ажиллагаагаараа шалгарч шилдгийн шилдэг үйлдвэрчний хороогоор шагнагдсан байна. Ийнхүү манай багш нарын болон хамт олны олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг төр засгийн түвшинд, олон нийтийн байгууллагын түвшинд өндрөөр үнэлж байгаа нь манай их сургуулийн хамт олны, багш ажилтнуудын ажлыг өндрөөр үнэлж байгаа хэрэг юм. Манай багш нар бүх талын авьяастай чадварлаг хүмүүс байдаг. Өнөөдрийн баярын үйл ажиллагааг манай бүх бүрэлдэхүүн сургууль, институт өөрийн хурлын мэндчилгээг дэвшүүлж оролцож байгаа бөгөөд бид хэдхэн минутын дараа үзэж сонирхох болно. Авьяаслаг багш нартаа амжилт хүс ч халуун баяр хүргэе. Эрхэм хүндэт профессор багш, ажилтан ажилчдаа та бүхэн Монголын багш нарын баярын мэндийг дэлхийн багш нарын баярын мэндтэй хамтатган дахин баяр хүргэж эрүүл энх байж, урт удаан насалж, сургалт, судалгааныхаа ажилд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе” хэмээн хэллээ.

      Мөн ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуун баярын хуралд оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлэв.

    Баярын хурлын үеэр ШУТИС-ийн эрдмийн хамт олны амжилт бүтээлийг төр өндрөөр үнэлэн Шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдгээр БАС-ийн багш И.Гончигбат, Боловсролын тэргүүний ажилтан тэмдгээр БАС-ийн багш Э.Ганзориг, Ч.Мягмаржав, БУХС-ийн багш Ц.Энхбаатар,  ГУУС-ийн багш Б.Мөнхцэнгэл, МехТС-ийн багш Д.Ганбат, Ү.Цэрмаа, ҮТС-ийн багш Ч.Сайнбуян, Ц.Энхтуяа, ХШУС-ийн багш М.Наранцэцэг, Д.Ганзориг, ГХИ-ийн багш Л.Чойжилмаа, Д.Алтанцэцэг, ЭХС-ийн багш Ш.Гантөмөр нарын 13, БСШУСЯ-ны жуух бичгээр 17, Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан тэмдгээр 6, жуух бичгээр 4, Уул уурхай хүнд үйлдвэр яамны тэргүүний уурхайчин тэмдгээр 1, жуух бичгээр 3 багш тус тус шагнагдлаа. Мөн ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар 9, Ректорын нэрэмжит шагналаар 8 багш шагнагдав. 

 

 

Оны шилдэг багш шалгаруулалтад хамт олноосоо тодрон нэрлэгдсэн шилдгийн шилдэг шагналаа гардан авлаа.

    ШУТИС-ийн Оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багшаар: Тэргүүн байр МХТС-ийн багш А.Гэрэлцэцэг, дэд байр МехТС-ийн багш П,Өлзийсайхан, гутгаар байр ЭХС-ийн багш Ш.Гантөмөр нар

    Оны шилдэг судлаач багшаар: Тэргүүн байр ХШУС-ийн багш Д.Цэдэнбаяр, дэд байр ЭХС-ийн багш Ж.Цэен-Ойдов, гутгаар байр ГУУС-ийн багш С.Жаргалан нар

     Оны шилдэг залуу багшаар: Тэргүүн байр МХТС-ийн багш До.Эрдэнэтуяа, дэд байр ЭХС-ийн багш Б.Батбаяр, гутгаар байр ЕНИ-ийн багш П.Энхтайван нар

    Оны шилдэг зөвлөх багшаар: Тэргүүн байр МХТС-ийн багш Ц.Тэнгис, дэд байр МехТС-ийн багш Д.Бадрах, гутгаар байр ЭХС-ийн багш М.Баттулга нар

    Оны шилдэг бүтээлч багшаар: Тэргүүн байр ХШУС-ийн багш Г.Ерөөлбат, дэд байр МХТС-ийн багш Ц.Хүрэлбаатар, гутгаар байр БУХС-ийн багш Д.Сэрдарам нар

Баярын хуралд бүрэлдэхүүн сургууль, институтийн багш, ажилчид ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн нь хамт олны зүгээс нижигнэсэн алга ташилтаар шагнуулав.

          ХШУС-ийн ГИБ-ийн 4-р курсийн оюутан Б.Булгантамир морин хуурын аялгуугаар, Сургалтын бодлого чанарын албаны мэргэжилтэн Д.Батдорж “Миний багш” дуугаар, ГУУС-ийн Геологи эрдэс баялгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Ё.Мажигсүрэн “Говийн бүсгүй” бүжгээр, УДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Гомбо-Очир “Ленкавелло Маттината”, “Ээждээ” дуугаар, БАС-ийн Архитектурын салбарын ахлах багш Н.Чулуунбаатар “Аав минь намайгаа санана даа” дуугаар, БУХС-ийн доктор, профессор Д.Наранцацрал “Монгол ардын 3 дуу” шанз хөгжмөөр, МехТС-ийн ахлах багш доктор профессор Б.Батбаяр “Гэртээ ирлээ” дуугаар, ҮТС-ийн багш нар Цэнгээнт бүжгээр, ХШУС-ийн багш нар “Манай гаригийн залуус” дуугаар мэндчилгээ дэвшүүллээ. Баярын хуралд оролцогчдод хандан Багшийн хөгжлийн төвийн захирал Т.Уранчимэг үг хэлснээр өндөрлөв.