“Газрын тос-2016” (Oil & Gas) хурал

ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны инженерийн салбар, МГТИН-ээс УУЯ, ГТГ, МҮХАҮТ, МНХҮА, ШХААЭХ-той хамтран Эх орны газрын тосны салбарын 75 жилийн түүхт ойд зориулсан “Газрын тос-2016” (Oil & Gas) сэдэвт олон улсын эрдэм-шинжилгээ, онол-практикийн XXII бага хурлыг амжилттай зохион байгуулав. Тус хурлыг нээж  ШУТИС-ийн ректор Б.Очирбат, эрдэм шинжилгээ технологийн проректор  Ч.Баасандаш, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, УУЯ-ны ТБЗГ-ын дарга Л.Раднаасүрэн, ГТГ-ын дарга Г.Өлзийбүрэн нар үг хэлж, амжилт хүсэж, талархал илэрхийлэв.

 

            Уг хуралд газрын тосны салбарын техник-технологи, эдийн засаг-менежмент, эрх зүйн асуудлуудаар нийт 47 илтгэл, 9 мэдээлэл бэлтгэгдсэн ба 20 гаруй илтгэлийг хэлэлцэж шилдэг илтгэлүүдийг шалгаруулан дээрх байгууллагуудын нэрэмжит  өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

            Жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү хуралд ШУТИС, ГУУС, МУИС, ХААИС, ШУА зэрэг их дээд сургуулиуд, шинжлэх ухаан судалгааны байгууллагууд, УУЯ, ГТГ, ЭХЯ, БОНХАЖЯ, МХЕГ, ОБЕГ, НМХГ зэрэг салбарын яам, агентлаг, төрийн захиргааны болон мэргэжлийн хяналтын байгууллагууд,  МҮХАҮТ, МГТИН, МНХҮА, ШХААЭХ зэрэг мэргэжлийн төрийн бус байгууллагууд, мөн түүнчлэн Петроматад, Хэт, Дорнын их гэгээ, Петрочайна-Дачин-Тамсаг-Монгол, Доншен-газрын тос-Монгол, Петровис, НИК, М-Ойл, Сод монгол, Магнай Трейд, Шунхлай, Юнигаз зэрэг үйлдвэрлэл-бизнесийн байгууллагуудын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд оролцов.

            Хуралд тавигдсан илтгэлүүдээр нийт 348 хуудас бүхий “Газрын тос-2016” (Oil & Gas) сэдэвт эмхэтгэлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний №9/192 тоот бүтээлийн дугаар (ISSN 1560-8794) байдлаар 200 ширхэг хэвлүүлж түгээв. Энэ үеэр МГТИН-ээс эрхлэн газрын тосны “Эсэнтрейдинг” ХХК-аас ивээн тэтгэж манай  газрын тосны анхны инженер, МГТИН-ийн удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн хүндэт профессор, доктор,  Ц.Багмидын бичсэн “Шатахуун хангамж”, УБ, 2016, 328х номыг хэвлүүлж, салбарынханд түгээв.

            Хурлаар эх орны газрын тосны салбар эрчимжин хөгжиж байгааг тэмдэглээд энд юуны өмнө үндэсний мэргэжлийн байгууллага хүмүүсийг түлхүү ажиллуулах, сургаж дадлагжуулах, эх орондоо газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдийг хангах, дамжуулах хоолой барих явдал чухал байгааг тэмдэглэж энэ талаар төр засгийн байгууллагуудад санал зөвлөмжийг уламжлав. Мөн түүнчлэн газрын тосны шинж чанар, хайгуул-олборлолтын технологи, менежментийн, газрын тосны бүтээгдэхүүний хорогдлын нормыг тогтоох зэрэг асуудлуудаар  судалгааны төслүүд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Ирэх жилийн ээлжит хурлыг 2017-5-24-нд хийхээр товлов.

“Газрын тос-2016” (Oil & Gas) хуралд оролцогчид...