Нобелийн шагналт эрдэмтэн Амано Хироши ШУТИС-д айлчиллаа

БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар Япон улсын Нагояа их сургуулийн доктор, профессор, 2014 оны Физикийн салбарын Нобелийн шагналт Амано Хироши Монгол улсад гурав хоногийн хугацаатай зочилж байна. Нобелийн шагналт Амано Хироши 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр багш, оюутнуудад зориулан “LIGHTING THE EARTH BY LEDs” сэдэвт нээлттэй лекц уншлаа. Тус лекцэнд их дээд сургуулийн 500 гаруй эрдэмтэн багш оюутнууд оролцсон юм.

 

Тус айлчлалын хүрээнд  Япон улсын Нагояа их сургуулийн Ерөнхийлөгч Сэйчи Мацүо, Нобелийн шагналт доктор, профессор Амано Хироши болон бусад албаны төлөөлөгчдийг ШУТИС-ийн удирдлагууд 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр ШУТИС болон Нагояа их сургуулийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, гэрээг шинэчлэх талаар ярилцаж, санал солилцов. Мөн Нагояа их сургуулийн профессор, Нобелийн шагналт эрдэмтэн Амано Хирошигийн өөрийн лабораторид манай эрдэмтэн багш, оюутнууд хамтарсан судалгаа хийх боломжийн талаар ярилцав.  Зочид ШУТИС-ийн ЭХС-ийн Цахилгаан машины лаборатори, ГУУС-ийн Геологи, эрдэс баялгийн музей, Нагояа их сургуулийн Хээрийн судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. 

 

Профессор Амано Хироши нь Цэнхэр Лед гэрлийг 1990 онд зохион бүтээж, 2014 онд Физикийн салбараас өөрийн багш  Isamu Akasaki болон Профессор Shuji Nakamura нарын хамтаар Нобелийн шагнал хүртсэн юм.

Цэнхэр Лед гэрлийг зохион бүтээснээр өнөөдрийн бидний амьдралын салшгүй хэсэг болсон хавтгай дэлгэц, гар утас, таблетууд болон гэрлийн лампууд өнөөдрийн түвшинд хүрч хөгжжээ. Энэ бүтээлийн эдийн засагт үзүүлсэн хувь нэмрээс дурьдвал 2013 оны байдлаар дэлхийд 17.7 тэрбум долларын борлуулалт хийж 250,000 ажлын байрыг бий болгосон байна.

2014 онд зах зээлд борлуулагдсан гэрлийн лампны 32% нь ЛЕД гэрэл бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй технологи гэдгээрээ ирэх 5-10 жилд огцом өсөх хандлагатай байна. ЛЕД гэрэл нь энгийн гэрлээс 100 дахин удаан асах боломжтой бөгөөд цахилгаан зарцуулалт нь 80% бага байдаг байна. Дэлхийн нийт цахилгаан зарцуулалтын 20%-г гэрэлтүүлэг эзэлдэг бол ЛЕД гэрэл үүссэнээр энэ нь 4 хүртэлх хувиар буурах боломжтой болжээ.