Дэлхийн алдарт томъёот бүтээлийг ШУТИС-ийн үүдэнд босголоо
Монголчууд “өөдлөх айл үүднээсээ” гэдэг хэлц үгийг амьдралдаа баримталж ирсэн. Тэр ч утгаараа байгууллагууд хүртэл “нүүр”-ээ гоо сайханд оруулдаг болчихсон. Төрийн байгууллагуудын үүдэнд шавар арслан байх нь илбэг. Энэ нь уламжлалт сэтгэлгээтэй холбоотой байх. Харин сүүлийн үед байгууллагууд үйл ажиллагаа олон нийтэд илэрхийлсэн цогцолбор, хөшөө дурсгал босгох болсон. Хамгийн сүүлд Испанийн архитектур Jaume Plensa-ийн томъёогоор урлаж, төмрөөр бүтээсэн дэлхий даяар тархсан алдарт бүтээлийг ШУТИС-ийн Төгсөгчдийн холбоо санаачилж сургуулийнхаа өмнө талбайд анхлан босголоо.
Энэ нь тухайн сургуулийн үйл ажиллагааг олон нийтэд толь мэт харуулсан зүйл болсон юм. Шинжлэх ухаан технологийг илтгэсэн анхны бүтээл олны хэлдэгээр “Төмөр хүн” Дархан хот руу ороход байдаг. ШУТИС-ийн үүдэнд босгосон энэхүү бүтээл нь олон хэлний үсгүүд болон ШУ-ны томъёонуудаас бүтсэн бөгөөд аливаа зүйлийг сурахад дэс дараалалтайгаар эргэцүүлэн тунгааж бодох ёстой гэсэн санааг илэрхийлсэн аж. Түүнийг олон улсад Spiegel гэж нэрлэдэг. Энэ нь “толь” гэсэн герман үг аж.
 
Энэхүү бүтээл нь дэлхийн олон улс орны /Япон, Хятад, АНУ, Солонгос, Итали, Хонгконг, Англи, Чех г.м/ музей, цэцэрлэг, нийтийн амралт зугаалгын бүс, их сургууль зэрэгт байрласан байдаг ба хүмүүс дотор нь зургаа авахуулах хандлага түгээмэл ажиглагддаг. Томъёот бүтээлийг АНУ-ын MIT /Massachusetts Institute of Technology/, Sam Fox School of Design & Visual Arts /branch of Washington University in St. Louis/, Rice University /campus in HoustonTexasUnited States/ зэрэг инженер технологийн дэлхийд тэргүүлэх их сургуулиуд гаднах талбайдаа босгосон байдаг.
Үүнтэй нэгэн адил ШУТИС-ийн Төгсөгчдийн холбоо оюутан суралцагч, эрдэмтэн багш нартаа зориулан эрдмийн их үйлсийн сэтгэлгээний хязгааргүй орон зайг илэрхийлж гаднах талбайдаа тус цогцолборыг бүтээлээ.